(+976) 7010-0711

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ УЛАМЖИЛНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газраас “Арьс шир боловсруулах үйлдвэрүүд, урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, тогтоогдсон нөхцөл байдал, дүн шинжилгээ, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, НЗДТГ, УСУГ, ЭЭАҮП, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн төлөөллүүд оролцлоо.
Хяналт шалгалтын явцад Арьс шир боловсруулах аж ахуйн нэгжийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад 10 объектын 8 дээж буюу 80 хувь нь Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй. УСУГ-ын Харгиа /хуучнаар/ урьдчилан цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүй Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561: 2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их зэрэг дүн гарчээ.
Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, бохирдсон газрыг саармагжуулах, нөхөн сэргээх, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн УИХ-ын 2012 оны “Малчид,үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны “Мал аж ахуйн түүхий эдийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг дарга, холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ.
Уулзалтанд оролцогчдод НЗДТГ болон Эмээлт эко аж үйлдвэрийн парк танилцуулга хийж, санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд БОАЖЯ-ны зүгээс хяналт шалгалтын дүнг ЗГ-т танилцуулж, холбогдох саналаа хүргүүлэх ажээ.
Үйлдвэр технологийн алба
2023.04.21

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn