(+976) 7010-0711

БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Jan Vytopil болон “ХААНЗАА” ХХК-ны төлөөллүүдтэй Хөшгийн хөндий дэх Чингис хаан Олон улсын онгоцны буудлын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, ажил хэрэгч уулзалт хийлээ

      “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар мэргэжилтнүүдийн хамтаар БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Jan Vytopil болон БНЧУ-ын цэвэр бохир усны чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “ХААНЗАА” ХХК-ын төлөөллүүдтэй тус компанийн бүтээн байгуулалт болох Хөшгийн хөндийн дэх Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав.
Тус цэвэрлэх байгууламж нь орчин үеийн бүрэн автомат 800м3/хоног ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан бөгөөд одоогоор хүчин чадлынхаа 25 орчим хувийг ашиглан ажиллаж байгаа талаар бохир ус цэвэрлэх байгууламжийн инженер Э.Энхдулам танилцууллаа. Мөн ахуйн бохир усыг Хүрээлэн байгаа орчин, усны чанар хаягдал усны MNS4943-2015 Монгол улсын стандартыг хангуулж 94-96 хувь хүртэл цэвэршүүлэн байгальд нийлүүлдэг бөгөөд саарал усаа ариун цэврийн хэрэглээ, тоног төхөөрөмж угаах зэргээр дахин ашигладаг байна.
Эко паркийн захирал Б.Мягмар, БНЧУ-ын элчин сайд Jan Vytopil болон ХААНЗАА ХХК-ны төлөөллүүд ажил хэрэгч яриа өрнүүлж, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь хоногт 20000м3 үйлдвэрийн болон ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих төлөвлөлттэй гэдгийг онцолж цаашид хамтран ажиллах талаар санал солилцож дахин уулзалдаж ярилцахаар боллоо.

Үйлдвэрлэл технологийн алба
2022.10.06

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn