(+976) 7010-0711

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-д төр эрх зүйн орчноор дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлнэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон холбогдох албан тушаалтнуудын хамт Эко паркийн захирал Б.Мягмар болон НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Д.Алтангэрэл нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн танилцуулга, хийгдсэн ажлууд, цаашдын төлөвлөлт, тулгамдаж буй асуудал болон “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн байршлын сонголт ба аж үйлдвэрийн паркийн боломж судалгааны үр дүнг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс “Төрийн эргэж буцсан, ойлгомжгүй, уялдаагүй шийдвэрүүд ажлын уялдааг алдагдуулж, иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулж, өртөг зардлыг нэмэгдүүлж байна. Үүнээс болж улс орны хөгжил дэвшил удаашрах нөхцөл байдал ажиглагддаг.
Яг энэ хүрээнд өнөөдөр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Эмээлтэд арьс ширний үйлдвэрийн төвлөрлийг бүрдүүлж, төрийн бодлогыг ойлгомжтой тодорхой болгохоор ажиллаж байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк бол дан ганц хотын асуудал гэхээсээ илүүтэйгээр Засгийн газрын томоохон бодлого учраас хэрэгжүүлэлтийн явц дахь гацаа саадыг бүрэн арилгаж, шуурхай ажиллах болно.
Өөрөөр хэлбэл Эмээлтэд арьс шир боловсруулах цогцолбор байгуулахад төр эрх зүйн орчноор дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид тухайн паркт хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлнэ.

Ингэснээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулагчид Эмээлт рүү нүүж, нөгөө талаас үнэгүйдсэн малын арьс шир, түүхий эдийг боловсруулах бүрэн боломж нээгдэх юм.” гэдгийг онцолж, ажлын хэсэг байгуулж, шуурхай удирдлагаар хангаж, эргэн танилцуулахыг үүрэг болгов.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn