(+976) 7711-0711

Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалгаа хийжээ

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар Дэлхийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Пунам Пиллайг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын ажлын явц, энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хэрэгцээ, шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийслэлийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Энэхүү төсөл нь хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, мал аж ахуй, малын гаралтай түүхий эдийг боловсруулан, аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой юм.

Нийслэлийн зүгээс энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй. Энэ оны аравдугаар сар гэхэд төслийн үнэлгээний баримт бичгийг эцэслэн дуусгах, судалгаа, үнэлгээнүүдийг хийж, төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхдээ баримтлах стратеги, хаягдалгүй эдийн засаг бий болгохын тулд ямар үйлдвэр барих, жижиг, дунд үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих зэргийг төлөвлөх юм.

Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны айлчлалын багаас Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй талаар хийсэн судалгаагаа нийслэлийн харьяа байгууллагуудад танилцуулах хүсэлтээ илэрхийлэв. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хүсэлтийг хүлээн авч, судалгааны үр дүнг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулж, зөвөлгөө өгөх арга хэмжээг хамтран зохион байгуулахаар боллоо.

эх сурвалж: Мэдээ.МН (medee.mn)

2022.05.18

 

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn