Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ удаад БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагаас КОЙКА олон улсын хөгжил хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Монгол Улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээн дэх анхан шатны үйлдвэрлэгчид буюу малчдыг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх замаар мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг дэмжих зорилго бүхий “Хүртээмжтэй мал аж ахуй” урт хугацааны төслийг хэрэгжүүлэхээр болж, өнгөрсөн 12 дугаар сарын 08-ны өдөр төслийн нээлтийг албан ёсоор хийжээ. Төслийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Гүрбазар, “КОЙКА” Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ким Жүнь Му болон төсөл хэрэгжүүлэгч “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ким Хэ Гён, ерөнхий нарийн бичгийн дарга Жу Хёнь Жү нар оролцож харилцан баяр хүргэлээ.
Төслийн нээлтийн үеэр “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ким Хэ Гён: “Энэхүү төслийн гол зорилго болох хүртээмжтэй мал аж ахуйн тогтолцоог бүрдүүлэхэд манай байгууллагаас Монгол Улсын аль ч нутагт хэрэгжүүлж болохуйц жишиг загварыг бий болгож, энэхүү загвар нь үр ашигтай, тогтвортой үргэлжлэхэд дэмжиж ажиллах болно” гэж цохон тэмдэглэв.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг 2021-2035 онд нийт 15 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба эхний үе шат нь 2021-2025 онд нийт 5.3 сая ам.долларын санхүүжилттэйгээр мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг бэхжүүлэх, анхан шатны үйлдвэрлэгчид буюу мал аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах, хоршиж нэгдэх замаар үйлдвэрлэлийн гарц, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд а) малын зохиомол хээлтүүлгийн технологийн ажил, үйлчилгээг дэмжих замаар малын үүлдэр угсааг сайжруулах; б) малын тэжээл тариалалтын хамтын ажиллагааг дэмжих; в) малын үржлийн бүртгэл, мэдээллийн аппликэйшн нэвтрүүлж, платформ бий болгох; г) малын гаралтай бүтээгдэхүүн (үхрийн түүхий сүү)-ий чанар, боловсруулалтыг сайжруулж зах зээлд байр сууриа эзлэх үйл ажиллагааг дэмжих; д) мал аж ахуй эрхлэгчдийг тогтмол чадавхжуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.
Тус төслийн үнээний түүхий сүүг чанараар ангилан үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх туршилтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зөвлөлдөх ажлын хэсэг 12 дугаар сарын 13-ны өдөр, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахад бодлогын чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх Бодлого, судалгааны зөвлөл 12 дугаар сарын 14-ны өдөр тус тус анхны хурлыг зохион байгуулжээ.
Анхдугаар хурлаар Ажлын хэсгийн болон Зөвлөлийн гишүүд сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, бодлогыг хэрэгжүүлэхэд анхан шатны үйлдвэрлэлд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, шийдлийн талаар хэлэлцлээ.
Төслийн Зөвлөлдөх ажлын хэсгийн болон Бодлого, судалгааны зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн, төрийн бус байгууллага, сургалт, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн холбоод, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн хоршоод, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгчид ажиллаж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг бэхжүүлэх, малын үүлдрийг сайжруулж, гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, мал аж ахуй эрхлэгч иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл гэж талууд хамтын ажиллагааны сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ташрамд дурдахад төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага нь Монгол Улсад 2002 оноос эхлэн өнөөг хүртэл 19 дэх жилдээ орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа ба “Малын банк” малжуулах төсөл (2003-2010), “Өвс тэжээлийн фонд” малчдыг дэмжих төсөл (2005-2012), “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл (2010-2016), “Мал аж ахуйн хоршооны үйл ажиллагаагаар өрхийн орлого нэмэгдүүлэх” төсөл (2017-2019) зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, хөдөө аж ахуй, үүнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төвлөрөн ажилладаг байна.
Эх сурвалж:https://mofa.gov.mn/exp/article/entry/2590
2021 оны 12 дугаар сарын 21
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn