(+976) 7010-0711

20-30 МЯНГАН МАЛЫГ БАЙНГА БОРДОН ЭРҮҮЛЖҮҮЛЖ ХҮНСЭНД НИЙЛҮҮЛЭХ ДӨРВӨН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА.

БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оруулахаар ТЭЗҮ гаргажээ.

Уг дөрвөн үйлдвэрийг Дорнод, Ховд, Булган, Архангай аймагт бүсчилсэн хэлбэрээр байгуулах аж. Энэ бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 78 сая ам.долларын төсвөөр гүйцэтгэх юм байна. Тендерт шалгарсан компани ТЭЗҮ-г гүйцэтгэж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгчээ.

“Хоёр тал гэрээний нарийвчилсан хэлцлийг хийж байна. Хэлцэл амжилттай болбол ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2023 онд жишиг дөрвөн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Уг дөрвөн үйлдвэрт улирал харгалзахгүйгээр жилийн турш мах боловсруулах үйлдвэрлэлийг явуулах аж. Үйлдвэрийн дэргэд 20-30 мянган толгой малыг байнга тэжээж, шахан бордохоос гадна вакцинжуулж эрүүлжүүлж тусгаарлана. Үүний дараа мах бэлтгэлд оруулах тогтмол үйл ажиллагаа явуулах аж.

Ингэснээр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн шууд экспортод гарах боломжтой. Мөн 2500 орчим хүнийг ажлын байраар хангана гэдгийг салбарын сайд онцоллоо.

 

2021 оны 11 дүгээр сарын 18

Эх сурвалж   https://gogo.mn

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn