(+976) 7711-0711

БРИТАНИ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛААС ГАРАХЫН ТУЛД ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА

Энэ намар цаг агаар,  эдийн засаг, геополитик, эрчим хүчний стратегийн гээд маш олон хүчин зүйлс давхацсаны нөлөөгөөр Европ, Хятад эрчим хүчний гүн хямралд ороод байна. Азид цар тахлын нөлөө сулрахын хэрээр эдийн засаг сэргэж, үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ нь огцом өссөн. Залгуулаад Азид нүүрс, шатдаг хий, газрын тос гэх мэт эрчим хүч тээгчдийн үнэ огцом өссөн. Энэ дундаас шатдаг хийн үнэ урьд хожид үзэгдээгүй огцом нэмэгдсэн нь ялангуяа Европын хэрэглэгчдэд маш хүндээр тусаж байна.

Азид шатдаг хий, нүүрсний үнэ хамгийн өндөр байгаа тул ОХУ, АНУ, Катар гэх мэт шатдаг хийн гол нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ Ази тив рүү өндөр үнээр нийлүүлэх гэж хоорондоо уралдаж эхэлсэнд гайхах зүйлгүй. Гэтэл үндсэн экспортлогчид Ази тив рүү чиглээд ирэхээр Европт шатдаг хий, нүүрсний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцээд шатдаг хийн хомсдол үүслээ. Хүйтэн өвөл айсуй тул энэ хомсдол хэсэг хугацаанд арилахгүй, шатдаг хий, нүүрсний үнэ өндөр хэвээр төдийгүй цаашдаа ч өсөх хандлагатай боллоо.

Гэтэл энэ хомсдол нь Европт нүүрснээс татгалзаж, байгаль орчинд хоргүй шатдаг хий ба нар, салхины цахилгаан станцыг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж эхэлсэн үетэй давхацсан. Оны эхээр 1000 шоо метр нь 150-200 доллароор арилжигдаж байсан шатдаг хий 1000-1050 доллар хүрээд ирэхээр  шатдаг хийнээс түр татгалзан, нүүрсээр ажилладаг станцуудаа сэргээж болох байсан ч дийлэнхийг хэдийн дэлбэлж, нураасан эсвэл байгаль орчин хор багатай шатдаг хийгээр ажилладаг болгож өөрчилсөн. Оронд нь нар, салхины цахилгаан станц олноор нь барьсан байж таарсан. Мөн яг энэ үеэр дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн нөлөөгөөр Европт удаан хугацаанд салхины эрч унаж, тогтуун болсон тул салхины станцууд шатдаг хий, нүүрсээр ажилладаг станцуудыг гүйцэд нөхөж чадахгүй нь ойлгомжтой болсон.

Ийм таагүй нөхцөл байдлын хамгийн тод жишээ нь Их Британи болж хувираад байна. Тэнд шатдаг хийн хэт өндөр үнийн улмаас цахилгаан станцууд дампуурлаа зарлан хаагдаж эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд  “Igloo Energy Supply”, “Enstroga”, “Symbio Energy” гэсэн цахилгаан эрчим хүчний гурван том компани дампуурлаа зарлав. Тэд зах зээл дэх цахилгааны жижиглэнгийн үнэ ба шатдаг нийн байж боломгүй өндөр үнийн ялгаанаас болж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн тайлбар өгч байна. Энэ гурван компани гэхэд л Их Британийн цахилгаан хэрэглээний зах зээлийн 1 хувийг эзэлдэг байсан. Ер нь наймдугаар сараас буюу шатдаг хийн үнэ өсөж эхэлснээс хойш ахуйн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг таван компани үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнээс болоод 1,7 сая үйлчлүүлэгч нь цахилгаан нийлүүлдэг компаниа солихоос өөр аргагүй болсон байна. Энэ янзаараа үргэлжилбэл Их Британид ахуйн хэрэглээний цахилгаан нийлүүлдэг 50 компаниас ердөө 10 нь л үлдэж магадгүй гэдгийг консалтингийн “Baringa” компани анхааруулсан.

Энэ бол Борис Жонсоны Засгийн газрын баримталж байгаа эрчим хүчний бодлого алдаатайг харуулж байна гэдэгт судлаачид санал нийлэв. Байдал хэдий ийм ээдрээтэй болсон ч Борис Жонсон хэдхэн өдрийн өмнө НҮБ-ын индэр дээрээс эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бодлого магтан “Ногоон байх амархан” гэж мэдэгдээд “Намайг хүүхэд байхад цахилгааны 80 хувийг нүүрснээс гаргадаг байлаа. Харин одоо энэ үзүүлэлт 2 хувьд хүрч удахгүй 2024 он гэхэд бүрэн алга болно. Бид оронд нь далайн салхийг маш ихээр ашиглаж байгаа болохоор би нэрээ умардын салхины тэнгэрийн нэрээр өөрчлөн Борей Жонсон болгох талаар бодож байна” гэж бардамнаж байсан.

Гэвч энэ олон дампуурал, цахилгааны үнийн өсөлт нь “ногоон байх”  тун ч амаргүй гэдгийг харуулж байна. Ирээдүйд хэдэн мянга, хэдэн сая салхины цахилгаан станц барилаа гээд салхигүй, тогтуун байвал цахилгаан үйлдвэрлэл зогсож, одоогийнхтой адил байдал үүснэ гэдгийг энэ хямрал харуулж орхилоо. Тиймээс нар, салхины гэх мэт ногоон үйлдвэрлэлтэй зэрэгцээд уламжлалт цахилгаан үйлдвэрлэлийг адил тэнцүү хөгжүүлэх шаардлагатай болж таарч байна. Иймд Их Британид нүүрсний цахилгаан станцуудаас татгалзсан чигтээ байвч цөмийн эрчим хүчийг илүү эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй тухай яриа газар авч байна. Жишээлбэл 2020 он санхүүжилт хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар түр зогсоогоод байсан Уэлсын Уилй дахь цөмийн цахилгаан станц барих ажлыг Засгийн газар нь сэргээхээр шийджээ.

Ингээд зогсохгүй яваандаа уламжлалт реактор бүхий цахилгаан станцуудын оронд бага оврын модуль реакторуудыг олноор нь барьж болох талаар “The Telegraph” сонинд бичсэн байна. Ийм бага оврын модуль цөмийн реактор нь уламжлалт реактораас найм дахин бага цахилгаан ялгаруулдаг, мөн тэр хэмжээгээр хямд, ашиглах зардал бага байх ёстой юм байна. Тиймээс барихад зардал багатай тул эхний реакторыг барьж ашиглалтад өгсний дараа ашиг олоод ирэхээр мөнгөө хоёр дахь бага оврын реактор барихад зарцуулах гэх мэтээр харьцангуй бага хугацаанд олон реактор барьж эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой гэж “The Telegraph” бичсэн байна.

Мөн цөмийн цахилгаан станцуудаас татгалзсан Германыг нэлээд шүүмжилж. Учир нь, Герман цөмийн цахилгаан станц барихаас татгалзаж, шатдаг хий рүү шилжсэнээр яваандаа ОХУ-аас, Путины шатдаг хийнээс 100 хамааралтай болж хувирлаа гэжээ. Иймд цаашдаа хэнээс ч хамааралгүй, бие даасан эрчим хүчний салбартай болъё гэвэл цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлэх нь хамгийн зүйтэй гэж “The Telegraph” үзжээ.

 

Эх сурвалж:http://zarig.mn

2021 оны 10 дугаар сарын 26

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn