(+976) 7711-0711

“АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2021” ҮЗЭСГЭЛЭНД ЭХҮҮТП-ОНӨТҮГ ОРОЛЦЛОО

ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны санаачилгаар “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн 2021” нэгдсэн арга хэмжээг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 25-ныг дуустал үргэлжилж байгаа билээ. Үзэсгэлэнд: Нэхий дээл, үслэг хувцас, ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас, Савхин хувцас, арьсан гутал цүнх, Хүнсний бүтээгдэхүүн, Оёмол бүтээгдэхүүн, Гоо сайхны бүтээгдэхүүн, Бэлэг дурсгал, жижиг эдлэл гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Дархан нэхий, Дархан минж, Булигаар, Мон ирээдүй, Агни, Брэнд гутал, Алтай кашмер, Говь, Гоёо, Блю Скай кашмер зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

 

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль боловсруулж, Дархан арьс ширний цогцолбор, Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк зэрэг аж үйлдвэрийн томоохон цогцолборуудын бүтээн байгуулалт, ээрэх нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд манай байгууллага уг арга хэмжээнд оролцож, өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.

 

Эх сурвалж: Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ

2021 оны 10 дугаар сарын 25

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn