(+976) 7010-0711

ТӨСЛИЙН УЯЛДАА ХОЛБООГ ХАНГАХ БОЛОМЖ, ГАРЦ

Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь 350 сая ам.долларын дүн бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа болно. Хөтөлбөрийн хүрээнд хоорондоо харилцан уялдаа бүхий “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа”, “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа” , “Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа” гэсэн гурван төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, Компакт гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээр дурдсан “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа”-ны хүрээнд “Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжид ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ” гэж тусгасан. Техникийн нөхцөл боломж, хөрөнгө санхүү нь шийдэгдвэл Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн унд ахуйн усан хангамжийн шугам сүлжээг саяын дурдсан Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулагдсан шинэ эх үүсвэрээс хангах нь зардал, хөрөнгө, хүч хэмнэхээс гадна АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төслийн үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

“Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа”-ны хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ гэж тусгасан. Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зардлын нэлээдгүй хувийг эзэлж байгаа техникийн усан хангамжийг оновчтой, үр ашигтай байдлаар шийдвэрлэх нэг гарц нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа” гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон холбогдох мэргэжлийн албадын шийдвэр гарч,техникийн нөхцөл боломж, хөрөнгө санхүү нь шийдэгдвэл хаягдал усыг гүн цэвэрлэж дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглахаас гадна Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн техникийн усан хангамжид илүүдэл усыг ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Дээр дурдсан ажлыг үр ашигтай, оновчтой байдлаар хийж чадвал хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлэх, АНУ-ын ард түмний хөрөнгөөр хийгдсэн Мянганы сорилтын корпорацийн тусламжийн үр өгөөжийг илүү ихээр тодотгох, хүрээлэн буй орчны хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглаж буй сонгодог жишээ болж чадна гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ

2021 оны 10 дугаар сарын 01

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn