(+976) 7711-0711

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Түймрийн төрлүүд, тэдгээрийн шинж чанар

Байгалийн түймрийг хэр хэмжээний газар нутаг, амьд биетүүдийг хамарсан зэргээс нь шалтгаалж хөрсний, гадаргуугийн, цэгэн буюу хэсэг газрын, оройн түймэр гэж ангилдаг.

Байгалийн түймрийн төрөл бүрийг өөр өөр аргаар унтраадаг учир зөв ойлголттой болсноор гал алдахаас сэргийлж чадна.

Хөрсний түймэр – Ойн хөрсний органик хэсгүүд шатдаг. Хөрсний органик хэсэг болох хатсан намаг, хүлэрлэг, хөвхөн давхрагын ургамлын үндэс, бусад шатах материалууд шатдаг. Хөрсний түймрийн үед гал дөллөн асахгүй, бага зэргийн утаа уугиж шатах шинж чанартай. Хамгийн гол аюул нь олон долоо хоног, сараар нүдэнд харагдахгүйгээр шатдаг. Улмаар хөрсөн дээрх шатах материалыг ноцоож, асаах магадлалтай. Хөрс нь хэчнээн зузаан давхаргатай байх, их хэмжээний органик материалтай байхаас үл хамааран ямар ч газарт энэ төрлийн түймэр тохиолдох эрсдэлтэй. Гол төлөв хүлэрт буюу ойн хөвхөн давхаргад гардаг.

Гадаргуугийн түймэр – Байгалийн түймрийн хамгийн түгээмэл тохиолддог төрөл бөгөөд ойн сөөг, өвслөг ургамал, хагд өвс, хөвд, модлог сөөгөн ургамал зэрэг ойн доод ташингын ургамлууд шатахыг хэлнэ. Түймрийн төлөв байдал нь бага эрчимтэйгээс маш эрчимтэй хүртэл эрс ялгаатай байж болох ба цаг агаар, шатах материал зэргээс ихээхэн шалтгаалдаг.

Оройн (титмийн) түймэр – Байгалийн түймрийн төрлөөс хамгийн хурдан тархдаг бөгөөд байгальд учруулах сөрөг нөлөө маш их байдаг. Оройн түймэр гэдэг нь моддын оройн шатах материалын түймрийг хэлэх бөгөөд ихэвчлэн гадаргуугийн түймэртэй холбоотой байдаг. Эрчтэй асаж буй гадаргуугийн түймрийн дулааны илч төөнөснөөс болж энэ төрлийн түймэр үүсдэг. Гадаргуугийн түймрээс хамааралгүйгээр асах тохиолдол ч бий. Түймрийн төлөв байдал нь өндөр эрчимтэй тул маш аюултай. Титмийн түймэр гарсны дараа эрчимтэй гадаргуугийн түймэр гардаг. Үндсэн түймрээс үсэрсэн галын цог нь салхины нөлөөгөөр хол зөөгдөж, шинээр олон тооны цэгэн гал ойр орчимд тархдаг. Ихэвчлэн хүчтэй салхиар эсвэл огцом налуутай газарт богино зайд үсэрхийлдэг.

 

Цэгэн (хэсэг газрын) түймэр – Үндсэн түймрийн хөвөөний гадна талд галын цучил, агаарын урсгал, галын хуйлрал, хүндийн хүч зэргээр өргөгдөж, зөөгдөн хийссэн оч, цогноос үүсэлтэй шинэ гал үүсэхийг хэлдэг. Үндсэн түймрээс үл хамаарч тусдаа ноцож, асдаг. Цэгэн түймэр нь тухайн асч буй түймэр болон ойрын хугацаанд түймрийн төлөв байдал хэрхэн нэмэгдэхийг тодорхойлоход чухал үзүүлэлт болдог. Хамгийн аюлутай нь хэд хэдэн түймрийн голомтыг үүсгэх эрсдэлтэй.

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

2021 оны 09 дүгээр сарын 27

#Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын хамт олон Алдвал Галдана аянд нэгдэж байна. 

 

 

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn