2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна.
Нэгдсэн арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 16-наас 23-ны өдрийн хооронд зохион байгуулна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал учир Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайг сонгосон байна. Зохион байгуулалтын явцад хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж оролцох юм. Оролцогч иргэд орох гарах урсгалтай, аж ахуйн нэгжүүд ч халдвар хамгааллаа баримталж үйлчилгээгээ үзүүлэх юм байна. Урьд нь гол төлөв Мишээл экспод зохион байгуулагдаж байсан. Энэ жил гадаа талбайд зохион байгуулж байгаа учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ их байна. Зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж мэдээлэл өгөх юм. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулна.
Хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ковидын нөхцөл байдалтай уялдуулаад амин дэм агуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн хүүхэд залуучуудад зориулж сонирхолтой, зураг авах бололцоотой үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байна. Аймгуудаас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж оролцоно. Орон нутагтаа тэргүүний, сайнд тооцогддог, сүүлийн үед шинээр бий болгосон, инноваци шингээсэн бүтээгдэхүүнийг оролцуулахыг зорьж байгаа юм. Аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газар бүртгүүлээд тэндээс шалгарсан бараа бүтээгдэхүүнийг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцуулж, сурталчилгаа танилцуулгаа хийж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож байна.
Эх сурвалж: https://mofa.gov.mn/
2021 оны 09 дүгээр сарын 10
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn