Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Налайх, Багануур, Багахангай, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр нийт паркийн удирдлагууд үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, ашиглалтын явц, бусад асуудлыг хэрхэх талаар санал солилцож, ажлын хэсэгт уламжиллаа.
Хэлэлцүүлэг цахим болон танхимын хэлбэрээр нэгэн зэрэг явагдан, нийт тусгасан саналуудыг нэгтгэж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах юм. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар болон холбогдох яам, агентлагийн албаны хүмүүс хэлэлцүүлэгт оролцсон байна. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зэрэг байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтаж байгаа юм.
Тус 4 парк нь барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Гэвч паркуудын ашиглалт, үйлдвэрлэлийн явц удаашралтай, тог цахилгааны сүлжээ бүрэн шийдэгдээгүй зэрэг олон асуудал байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар
2021 оны 08 дугаар сарын 12
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn