(+976) 7010-0711

Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлнэ

Зам тээврийн хөгжлийн сайдад Богдхан төмөр замын трассыг эцэслэн батлуулж, шаардагдах геологи хайгуулын ажлыг яаравчлан, санхүүжилтыг шийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг мөн долдугаар сарын 4-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг  үүрэг болгосон.

Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно.

Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байгаа аж.

Төв аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний дэмжлэг оролцоог ханган нягт хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд болон Чингис хаан ОУНБ-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газар, компани аж ахуй нэгжүүдтэй давуу эрх олгон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд цохон тэмдэглээд талархал илэрхийлэв.

Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын бодлогынхоо талаар Төв аймгийн иргэдэд биечлэн танилцуулж, тус аймгийн иргэдийн саналыг сонсож, уулзалт хийнэ гэдгээ Богдхан төмөр замын трассын төлөвлөлттэй газар дээр нь танилцах явцдаа аймгийн удирдлагуудад хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/28uw

2021.06.11

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn