(+976) 7711-0711

Аймаг дундын отрын бүс нутгуудад 232 мянган мал зусаж байна

Отрын малыг өвөлжүүлж, хаваржуулах улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 бүс нутаг байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумдын нутагт байрлах “Аргалант”, Завхан аймгийн Завханмандал суманд байрлах “Багахайрхан”, Ховд аймгийн Дарви суманд байрлах “Баяннуруу”, Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдын нутагт байрлах “Ачитнуур”, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант сумдын нутагт байрлах “Чилэн”, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Хөхдэл”, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах “Малах”, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах “Хэрлэнбаян-Улаан”, Дорнод аймгийн Чойбалсан суманд байрлах “Чойбалсан” гэсэн эдгээр бүс нутаг нийт 783,3 мянган га талбайтай.

Аймаг дундын отрын бүс нутгуудад жилдээ 13 аймгийн 83 сумын 400-700 мянган толгой (хонин толгойд шилжүүлснээр) мал өвөлждөг.  2020-2021 онд Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Архангай, Ховд, Дорнод, Увс аймгийн 83 сумын, Багануур дүүргийн 683 өрхийн нийт 460 гаруй мянган мал өвөлжсөн.

Өнөөдрийн байдлаар аймаг дундын отрын бүс нутгаас 478 өрхийн 431 мянга гаруй толгой мал (хонин толгойд шилжүүлснээр)  буюу 65 хувийг чөлөөлүүлсэн байна.

2021 оны 5-р сарын 24-ний өдрийн байдлаар 205 өрхийн 232 мянган толгой мал аймаг дундын отрын бүс нутгуудад байгаа бөгөөд бүх малчин өрхөд аймаг дундын отрын бэлчээрийг ашиглах журмыг танилцуулан албан мэдэгдэл хүргүүлэн сум орон нутагтай хамтран малаас чөлөөлүүлэхээр ажиллаж байна.

Аймаг дундын отрын бүс нутагт нийт 1903 малчин өвөлжсөн бөгөөд эдгээр иргэдийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу отрын бүс нутаг байрлах сумдын эмнэлэг отор нүүдэл хийж байгаа аймаг, сум харьяалал харгалзахгүй “Ковид-19”-ийн вакцинд хамруулж байна.

Өөр аймагт отроор өвөлжсөн малын 75 хувь нь шилжилт хөдөлгөөн хийгээд байна

Өвөлжилт хүндрэлтэй байсан Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн малчид Төв, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт голлон отроор өвөлжсөн. Нийт 5.2 сая гаруй мал өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжсөнөөс 5-р сарын 17-ны өдрийн байдлаар нийт 1.3 сая мал отроор хаваржаад зусаж байна. Өөрөөр хэлбэл, отроор өвөлжсөн малчин өрхийн 75 хувь нь өвөлжсөн нутгаа чөлөөлөн нүүх шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Гэхдээ тухайн нутгаасаа нүүсэн ч харьяалах аймаг, сумдаа ихэнх нь хүрч амжаагүй байна.

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2405Х

2021.05.14

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn