(+976) 7010-0711

УУЛ УУРХАЙН АМИН СҮНС БОЛСОН ГЕОТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ МОНГОЛД БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ.

Дэлхий дахинаа геотехнологийн мэргэжилтэн нэн шаардлагатай байгаа энэ цаг үед Шинжлэх ухаан технологийн их сургууль геотехнологийн мэргэжилтэн бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Тодруулбал, Оюу толгой компани, Рио Тинто компанийн 2.75 сая ам.долларын санхүүжилтээр ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийн нээлтийг өчигдөр хийсэн юм.

2025 оныг хүртэл хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны хүрээнд манай улс дотооддоо геотехникийн мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сургалт, судалгааны төвтэй болохоороо онцлог.

Армандо Торрес: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТОМООХОН ХУВЬ НЭМЭР БОЛНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

Төслийн үр дүнг хэрхэн харж байгаа талаараа Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой компани “Эрдэс баялгаас эрдэм мэдлэгт” гэсэн уриатай. Гүний уурхайн хамгийн том блокчилон олборлох уурхайн боловсон хүчнийг бэлтгэх нь бидний хувьд маш чухал зорилт.

Монгол Улсын дээд боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулсан төсөл хэрэгжихээр болж байгаад баяртай байна. Оюу толгойн гүний уурхай маш том хийгээд нарийн технологи ашигладаг. Энэхүү том төслийг аюулгүй, үр дүнтэй болгоход геотехникийн мэргэжитнүүд маш их үүрэгтэй. Оюу толгой, Рио Тинто, ШУТИС хамтран геотехникийн шинжлэх ухаанд томоохон алхам хийх боломж бүрдэнэ гэж итгэж байна. Энэ бол зөвхөн эхлэл, биднийг маш олон амжилт биднийг хүлээж байна” гэсэн юм.

Оюу толгой төсөл хайгуулын шатнаас эхлэн Монголдоо цорын ганцхан геотехникийн бүхэл бүтэн багийг ил уурхайд ажиллуулж, сүүлийн үеийн геофизикийн тоног төхөөрөмжөөр өрмийн цооногт хэмжилт хийсээр ирсэн нь Оюутолгойд геотехникийг маш чухалд тооцдогийн илрэл аж. Тиймээс уул уурхайн амин сүнс болсон геотехникийн мэргэжилтнийг Монголд бэлтгэдэг болж байгаад туйлын баяртай байгаа тэрбээр илэрхийлж байлаа.

Л.Энх-Амгалан: ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМЭР

Өнөөдрийн үйл явдал бол эрдэс баялгийн салбарын төсөл бус Монголын хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэдгийг онцлохыг хүсэж байна. Нэгдүгээрт, монголын боловсролын салбарын нийгмийнхээ өмнө хүлээж чадаагүй алдаа, завхарлыг засах том санал санаачилга гэж харж байна. Учир нь их, дээд сургуулиуд маш олон оюутнуудад мэргэжил эзэмшүүлэн төгсгөж байна. Өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургуулийг 144 мянган суралцаж байгаа хэдий ч тухайн жилд төгссөн гурван оюутны нэг нь л ажилтай болдог. Үүнийг засаж, залруулах хамгийн том санаачилга бол энэ. Ажил олгогч ажилтнаа бэлтгэхэд дэм болох ажлыг эхлүүлж байна.

Шинжлэх ухаан, их дээд сургуулийн сургалтын тогтолцоо, үйлдвэрлэл салчихсан байдаг. Тиймээс үүнийг нөхөх боломж бий болж байна. Их дээд сургууль өөрийн улсдаа тэргүүлэх, нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой байдаг хэдий ч бид энэ үүргээ биелүүлж чадсангүй. Өнөөдрийн төсөл бол Оюу толгой гаднаас авч буй мэргэжилтнүүдийн оронд монгол залуусыг бэлтгэх эхлэл болж байгаагаар чухал ач холбогдолтой. Сайн хөтөлбөр, сайн багш нар, судалгааны лабораторийг бэлтгэх юм байна. 1 сая ам.доллароор бүтэх судалгааны лабораторийг дамжин төгссөн суралцагчид томоохон уул уурхайн төслүүдэд гадаадын инженертэй адил цалингаар ажиллах боломж нь бүрдэх юм байна гэж олзуурхаж байна. Мөн монголдоо төдийгүй дэлхийд ажиллах боловсон хүчинг бэлтгэх боломж бий болж байна. Д.Болд захирлын хэлсэнчлэн дотооддоо төдийгүй гадагш гарч ажиллахаас гадна ирээдүйд Монгол Улсад метро барихад үнэтэй хувь нэмэр болно гэсэн. Яамнаас баримталж буй судалгаа, сургалт, үйлдвэрлэл гэсэн нөхцөлийн анхны шанг татаж буй сайхан төсөл болж байна” гэсэн юм.

ШУТИС геотехникийн чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй болсноор Азидаа өрсөлдөхүйц хэмжээний судалгааны төв болох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртоод зогсохгүй дан ганц Монголоос гэлтгүй дэлхийн бусад орноос ч бас энэ чиглэлээр оюутан элсүүлж, уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой болох юм. Энэ төсөл нь их сургууль компаний түншлэлээр дамжуулан сургалт судалгааг хөгжүүлэх шинэ гарцыг эхлүүлж байгаагаараа Монголын дээд боловсролд томоохон алхам болж байгааг оролцогч талууд онцолж байлаа.

Хөтөлбөрийн хүрээнд эхний удаад ШУТИС-д уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа шилдэг 25 оюутныг элсүүлээд байгаа бөгөөд сургалтын төлбөрийн тэтгэлэг төдийгүй амжиргааны зардлыг ч мөн олгож байгаа юм байна. Таван жилийн хугацаатай хэрэгжих төсөлд бакалаврын зэрэг олгохоос гадна, магистрын зэргээр суралцах хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх юм байна.

Төслийн үр дүнд:

  • ШУТИС олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бренд хөтөлбөртэй болно.
  • Ажлын байранд өрсөлдөхүйц өндөр чадамжтай төгсөгчдийг бэлтгэнэ.
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн судалгааны гарц нэмэгдэнэ.
  • Уул уурхайн геотехникийн сүүлийн үеийн лабораторитой болно.
  • Олон улстай хамтарсан судалгаа хийх боломж нэмэгдэнэ.
  • Багш нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлснээр, чадварлаг багш нарын төвлөрлийг бий болгоно.
  • Монгол Улсын хэмжээнд тулгамдаад буй дээд боловсролын шинэчлэл, хөгжилд түүчээлсэн жишиг хөтөлбөр болох юм.

Эх сурвалж : https://gogo.mn/r/jnev8

2021.04.02

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn