(+976) 7010-0711

МОНГОЛ УЛСЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ.

 

  • Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалжээ
  • Эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал дутмаг байгааг судалгаа онцолж байна.
  • Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд тусгай арга хэмжээ шаардлагатай

Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9,7 жил бусад дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байгаа нь нийгмийн сөрөг үзүүлэлтийг цогцоор нь судалсны үндсэн дээр уг асуудлыг Засгийн Газрын бодлогын түвшинд авч үзэх нэгдсэн санал дүгнэлтэд хүрснээ Жендэрийн Үндэсний Хорооноос мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь Үндэсний Статистикийн Хороотой хамтран “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”-ийг тодруулах зорилготой томоохон хэмжээний суурь судалгааг 2019-2020 онуудад явуулж, нэгдсэн дүгнэлт бүхий тайланг танилцуулж байна. Судалгааны тоон үзүүлэлтийг Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9-н дүүргийн 18-26 насны нийт 9356 эрэгтэй хүмүүсээс цуглуулсан бол чанарын судалгааг аймаг, дүүрэг бүрд 18-29 насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бүлгийн ярилцлагаар явуулсан болно.

Суурь судалгааны голлох тоон дүнг дурдвал Монгол Улсын хэмжээнд дундаж наслалт 1992-2018 онуудад 70.2 болж 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн ба эрэгтэйчүүдийн дундаж наслалт энэхүү 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч эрэгтэй болон эмэгтэй хүн амын дундаж наслалтын зөрүү өндөр, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их байна.

Эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна.

Бусад шалтгаанд

  • 28,7 хувь нь зүрх, судасны өвчнөөр,
  • 24,9 хувь нь хавдраар
  • 7,6 хувь нь зам тээврийн ослоор,
  • 5,0 хувь нь амиа хорлосон байна.

Нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-с дээш насанд халдварт бус өвчний нас баралт зонхилж байгаа юм.

Судалгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаануудыг доорх байдлаар тодорхойлсон. Үүнд:

Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна.

 

Эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй.

 

Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна.

 

Монгол Улсад дундаж наслалтыг нэмэгдүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээний 4 бодлого, 9 хөтөлбөр  хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч яг дундаж наслалтын зөрүүтэй байдлыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр дутмаг байна.

Цаашид эдгээр хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжруулах шаардлагатай гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байна.
Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Жендэрийн Үндэсний Хороо нь Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг зөрүүг багасгах талаар оновчтой үйл ажиллагааг богино хугацаанд авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” -г Засгийн газрын хуралдаанаар батлуулж, улмаар уг асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Судалгааны эх хувь:

 

ДЭЛХИЙН ХҮН АМЫН ДУНДАЖ НАСЛАЛТ

НҮБ 1989 онд хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй асуудлуудыг анх дэвшүүлж, жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн хүн амын өдөр” болгон зарлажээ. Дэлхий 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нарны аймгийн 3 дахь гариг цорын ганц амьдралтай ертөнц. Агаар мандалын гадаргуугийнх нь 71 хувь нь ус (далай), харин 29 хувь нь хуурай газар (тив арал). Эргэлтийн тэнхлэг нь 23.5 хазайсан байдаг. Энэ нь дэлхийн улирлын шалтгаан болдог онцлогтой. Энэхүү тулах цэггүй налуу тэнхлэг (дэлхий) дээр өнөөдөр (2020 он) 7.7 тэрбум хүн амьдарч байна. Дэлхийн 7.7 тэрбум хүн 195 улсад хуваагдана. Тэрхүү жишгээр авч үзвэл нэг улсад ойрлцоогоор 36,500,000 орчим хүн ам ногдоно. Гэхдээ энэ бол тэгшитгэл. Амьдрал дээр улс орны хүн ам өөр хоорондоо тооны хувьд ялгаатай.

Жишээ нь хамгийн олон хүн амтай нь БНХАУ (1.5 тэрбум), тэгвэл Ватикан улс 921 оршин суугчтай буюу хамгийн цөөн хүн амтай нь байна. Үүнээс гадна дэлхийн тив улсуудын хүн амыг хооронд нь харьцуулсан төрөл бүрийн судалгаа, олон янзын тоон үзүүлэлт байдаг. Тэр бүхнийг нэг дор авч үзэх нь нүсэр урт жагсаалт гарна. Ийм учраас дэлхийн хүн амын дундаж наслалтын  харьцуулалт, тоон үзүүлэлтүүдийг авч үзье.

Япон, Сингапур улс хүн амын дундаж наслалтаар тэргүүлдэг. Гэхдээ  энэ нь тухайн хоёр орны орших ази тивийн улсуудын хүн амын дундаж наслалт өндөр гэсэн үзүүлэлт биш. Дээрх үзүүлэлтийг тивээр нь авч үзвэл европ тивийн улсуудын хүн амын дундаж наслалт хамгийн өндөрт ордог байх жишээтэй.

Дэлхийн хүн амын дундаж наслалтыг тэргүүлсэн “Топ 20” улсын 14 нь европ тивийнх. Тухайн тивийн улс орнуудын хүн амын дундаж наслалт “Топ 20”-д багтахгүй ч үзүүлэлт нь маш өндөр гардаг юм байна. Тухайлбал Их Британий дундаж наслалт 81.5, Умард Ирланд 80, Уэльс 80, Шотланд 79  байх юм.

Энэ бол дэлхийн хүн амын дундаж наслалтын ерөнхий үзүүлэлтүүд.

Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт нэг тив, нэг улсад байлаа ч өөр хоорондоо зөрүүтэй байх юм. Тухайлбал Конго, Кувейт, Мавритани гурван улсад эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ урт насалдаг. Бусад орнуудын хувьд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ урт насалдаг гэсэн үзүүлэлт байна.

Мөн нэг тив, нэг бүс нутагт амьдарч байгаа орнуудын хүн амын дундаж наслалт бас харилцан адилгүй байдаг аж. Хөрш, нэг тив, бүсэд багтах  Афганистанд, Иран, БНХАУ-ын хүн амын дундаж наслалтыг харьцуулж үзэхэд хоорондоо 20 насны зөрүүтэй. Афганистан улсын хүн амын дундаж наслалт 58 байхад, цаад хоёр улсынх 78 байх жишээтэй.

Дунджаар тооцоход дэлхийн  хүн амын дундаж наслалтаас дорнод европын зарим улсуудынх 6-11 насаар доогуур болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь тухайн бүс нутагт ажлын байрны нөхцөл муу, архины хэрэглээ өндөр байдагтай холбоотой гэж Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт /IHME/-ийн тайланд тэмдэглэжээ.

Монгол хүний дундаж наслалт 70.41 (2019 он) аж. Харин хүйсээр нь ялгавал эрэгтэйчүүдийнх 66.38, эмэгтэйчүүдийнх 75.95 гэж Үндэсний статисткийн хорооны мэдээлийн санд тэмдэглэжээ. Эндээс харахад монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээсээ 10 орчим насаар урт байна.

Эх сурвалж: IKON.MN

2021.03.17

 

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn