Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд олон улсын хандивлагч байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2 томоохон төсөл хэрэгжихээр бэлтгэл ажлууд хангагдаж байна.
2021 оны зуны засварын хугацаанд шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэнэ. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд 2019 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 356 дугаар тогтоолын хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 2021 онд дулааны сүлжээний нэн шаардлагатай өргөтгөл шинэчлэлийн 6 багц ажлыг эхний ээлжинд хийж гүйцэтгэнэ.
Саяхан буюу 2020 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 13-ны хугацаанд 8 дугаар магистраль шугамд 4 удаа гэмтэл гарч тус шугамаас хангагддаг 10 дугаар хорооллын 6 дулаан дамжуулах төв, 63 орон сууцны 2645 айл өрх, 20 аж ахуйн нэгжийг гадна агаарын температур -20ºс-ээс доош хүйтэн байх үед 2 хоногийн турш дулааны эрчим хүчээр хэсэгчлэн хязгаарласан. Энэ байдал цаашид ч дахин давтагдаж болзошгүй, өндөр эрсдэлтэй шугам болчихоод байна.
8 дугаар магистралийн шугам тоноглолд 2012 оноос хойш нийтдээ 76 удаагийн гэмтэл саатал гарч байсан ба шинэчлэл хийх гэхээр хөрөнгө санхүүжилт нь бүхлээрээ шийдэгдэх боломжгүй байснаас жил бүр хамгийн муудсан хэсгийг нь хэсэгчлэн солих зэргээр аргацааж ирсэн. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр тус магистралийг бүхэлд нь шинэчлэн солихоор болоод байна
Тодруулбал 2021 оны зуны засварын хугацаанд:
Мөн Дүнжингарав хорооллын хойно шинээр хийгдэх 600мм голчтой холбоос шугам бол Дулааны III цахилгаан станцын өндөр даралтын хэсгээс ачаалал шилжүүлэх горим ажиллагааны хувьд чухал ач холбогдолтой шугам байгаа юм. Даралт өргөх насос станц №2-ын хүчин чадлын өргөтгөлийн ажлыг хийсний үр дүнд VII хороолол зэрэг Их тойргийн дагуу дулаан хангамжийг сайжруулах зорилготой юм.
Хэрэгжиж эхлээд байгаа дараагийн томоохон төсөл бол Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төсөл” юм. Энэ төслийн эхний шатанд Дулааны III цахилгаан станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралиудын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажил багтаж байгаа.
Тодруулбал 1968 онд ашиглалтанд орж 53 жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дуусаад 20 гаруй жил болж байгаа Дулааны III цахилгаан станцын зүүн талаас Механик инженерийн сургуулийн хойд уулзвар хүртэл 5а магистралийн 800 мм-ийн голчтой 2.8 км хос шугамыг 1000 мм болгож өргөтгөх, мөн цэгээс үргэлжлүүлэн Барс худалдааны төв хүртэл 3г магистралийн 400/600 мм голчтой 1.3 км хос шугамыг 700 мм голчтой болгож өргөтгөх томоохон бүтээн байгуулалтын ажлууд 2021 онд хийгдэнэ.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон ажлууд, шийдлүүд хэрэгжиж байна. Танай компанийн эхлүүлсэн халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд ямар шатандаа явж байгаа вэ?
2020 онд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж, байнгын галлагаатай агаарт хорт утаа ялгаруулж байсан 77 байршлын буюу иргэн, аж ахуй нэгж байгууллагын бага, дунд чадлын нийт 83 нам даралтын усан халаалтын зуухыг бүрэн зогсоож зуухнаас дулаанаар халж байсан 161 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбож ажилласан.
Тухайлбал Баянхошуу дэд төв, Ханын материал орчмын хэрэглэгч, БЗД-ийн 10-р хороо, Төмөр замын 2-р анги Амгалан орчмын барилгуудыг дулаанаар хангах шугамуудыг дулаанд холбож тухайн орчмын 65 барилгыг төвлөрсөн дулаанд холбосон. Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэл хотод байнгын галлагаатай ажиллаж байсан бага дунд чадлын нийт дүнгээр 386 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 595 барилга, объектыг төвлөрсөн дулаан хангамжид холбож иргэд оршин суугчдын ая тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
2021-02-23
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn