(+976) 7711-0711

МОНГОЛООС FIFA-Д АРЬСАН БӨМБӨГ НИЙЛҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА.

Европ болон Японы зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргахаар зорин ажиллаж буй талаараа “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн менежер Ц.Энх-Амгалан “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ын гишүүдтэй цахим уулзалт хийхдээ онцоллоо.

Уул уурхайн бус экспортыг дэмжсэн энэхүү төслийн хүрээнд Монголын онцлогийг харуулсан нэг бүтээгдэхүүн болох сарлагийн хөөврийн кластерыг хөгжүүлж, түүний үр дүнд малчид нэг кг тус бүрээс 500 төгрөг олдог байсан нь чанараасаа хамаараад 15-20 мянган төгрөг болж өсчээ.

Гадаадын зах зээлд монгол сарлагийн самнасан хөөврийн эрэлт их. Тухайлбал, сарлагийн 60 тонн хөөвөр самналаа гэхэд тэр дороо борлуулагддаг байна. Төслийн багийнхан Монголоос гарч болох бүтээгдэхүүнүүдийг Европ, Швейцарийн зах зээлд танилцуулах зорилгоор эхний ээлжинд сарлагийн хөөвөр, сарлагийн арьсан бөмбөг, торомны ноосон бүтээгдэхүүнүүдийг онцолжээ. Мөн нүүдлийн мал аж ахуйн онцлогийг гаргасан түүхий эд үйлдвэрлэлийн стандарт, түүнийг баталгаажуулах цахим мөшгих систем хөгжүүлж, “Responsible Nomads” хэмээн нэрлэсэн байна.

Ц.Энх-Амгалан менежерийн ярианаас анхаарал татсан сонирхолтой мэдээлэл нь Монголоос FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд арьсан бөмбөг нийлүүлэх тухай асуудал байлаа. Жилдээ 10 мянган ширхэг бөмбөгний эрэлтийн тодорхой хувийг Монголоос FIFA-д нийлүүлэх тухай асуудал яриа хэлэлцээний шатандаа явааг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, монгол хүний урласан, сарлагийн арьсан бөмбөг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны стандартад нийцэн, хүлээн зөвшөөрөгдөх боломж бий ажээ.

Өнөөдрийн байдлаар, монгол сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг Монголдоо үйлдвэрлээд эхэлсэн бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлаг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-той бөмбөг нийлүүлэх хэлэлцээр эхлүүлэх асуудал яригдаж буй талаар мэдээлсэн.

“Хүүхэд бүрт бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төсөл 2018 оноос хэрэгжсэн бөгөөд төслийн хүрээнд сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урлаж буй. Тус бөмбөг нь хүүхэд багачуудад зориулагдсан ч үйлдвэрлэлийн явцад албан ёсны тоглолтын бөмбөг болох боломжтойгоор урлал хийц нь хөгжсөн байна.

Монгол Улсын нэг сум, аймаг FIFA-гийн бөмбөгyий албан ёсны нийлүүлэгч болж, дэлхийн брэнд үйлдвэрлэгчээр нэрлэгдвэл Монголын нүүдлийн ахуй соёл болон мал аж ахуйн бүхий л бүтээгдэхүүн, түүхий эд олон улсад үнэ цэнэтэй болох үүд хаалга нээгдэх билээ.

Эх сурвалж : https://news.mn/r/2400663/

2021-02-16

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn