(+976) 7711-0711

ОУСК МОНГОЛЫН МАЛ АЖ АХУЙГ ДЭМЖИХ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

Үхэр бордох орчин үеийн аж ахуйг хөгжүүлснээр Монгол Улсад үхрийн махны үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулж, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малчид фермеруудын орлогыг нэмэхэд түлхэц үзүүлэх боломжтойг Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-аас гаргасан шинэ гарын авлагад дурджээ.

Гарын авлагыг мал аж ахуйн мэргэжилтнүүдэд өнөөдөр Дэлхийн банкны байранд танилцууллаа.

“ОУСК Монголын МАА-н салбарт үзүүлэх дэмжлэгээ улам эрчимжүүлж, тус салбарт шинэ боломжуудыг эрэлхийлж буй” талаар ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлж байна. Тэрээр, махны салбарт зөв бодлого хэрэгжүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, малчдын орлогыг сайжруулж, дэлхий нийтийг хамраад буй “COVID-19”-ийн цар тахлын нөлөөнөөс ангижруулан сэргэх замд нь оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тиймээс үхэр бордох аж  ахуйг хөгжүүлэх, салбарын чадавх, нөөцийг өргөжүүлэх нь нэн чухал гэдгийг тэрээр онцолж байна.

ОУСК-иас Монголын малчид, фермер эрхлэгчид болон мэргэжилтнүүдэд зориулан гаргасан “Үхэр бордох аж ахуйг хөгжүүлэх нь” гарын авлагад Хойд Америк, Казахстаны үхэр бордох талаар практик мэдээлэл, шилдэг туршлагыг тусгажээ. Түүнчлэн энэхүү гарын авлага нь хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагч нарыг махны салбар, зах зээлийн талаарх ойлголт мэдээллээр хангаж байгаа аж.

ОУСК-ийн мэдээнд, монгол хэрэглэгчид мах өөх алагласан, зөөлөн, шүүстэй үхрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэх хандлага нэмэгдэхийн зэрэгцээ махны төрөлжсөн дэлгүүрүүд махны чанарт тавих шаардлагаа өндөр болсон. Энэ хэрэгцээг импортыг орлох чанартай махаар хангах, үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага байна. Мөн экспортын чиг баримжаатай махны үйлдвэрийг хөгжүүлэх боломж бүрдсэнийг Монгол дахь үйлдвэрлэлийн нөөц, дотоодын зах зээлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ харуулж байна гэжээ.

“Олон улсын болон дотоодын махны зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах цогц аргачлалыг Монгол Улсын үхрийн махны үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна” гэдгийг ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдагч Д.Жигжидмаа тэмдэглэв.

Эх сурвалж:  Улаанбаатар Монцамэ https://montsame.mn/mn/read/240942

2020.10.27

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn