(+976) 7711-0711

МОНГОЛ ХҮН МЭДЭЖ БАЙВАЛ ЗОХИСТОЙ ХОНИНЫ АРЬСНЫ НЭРШИЛ

  1.  Нэхий: Үс нь гүйцсэн хонийг төхөөрөөд номын ёсоор өвчиж авсан бүрэн бүтэн арьсыг нэхий гэнэ. Мөн өвөл цагт эсвэл намар орой, хавар эрт үхсэн малаас өвчиж авсан сахлаг үстэй сайн хөрстэй арьсыг ч нэхий гэдэг.
  2. Халимтай нэхий: Монголчууд хүйтэн сэрүүн улиралд идэш, хүнс хийхээр “Өөхөн бөмбий, араг сэгсий”-гээ төхөөрдөг. Туранхай малыг өвчихад хальс /сарьс/, тарган хонийг хуулахад нэхийнд нь өөх дагадаг жамтай. Тэр мэт үмх үмх өөхтэй арьсыг Халимтай нэхий гэнэ.
  3. Халимласан нэхий: Хонины нэхийнд дагасан өөхийг нүд сайтай, гарын дүйтэй хичээнгүй хүүхдээр ахин хуулуулдаг. Энэ нь мал өвчих дасгал болдог төдийгүй нэг ажлыг хоёр дахин хийхгүйн сургаал болдогоороо хүмүүжлийн тустай. Тэр мэт ахин арчилсан аль ч хэсэгтээ өөх байтугай өвдөл ч үгүй арьсыг Халимласан нэхий гэдэг.
  4. Авчсан нэхий: Хайнга залхуу хүн, эсвэл хонь хуулсан хулгай сандарч тэвдэхдээ хороосон хониныхоо арьсыг тольж тэлэлгүй хаяснаас эсвэл хам хум хумьж нууснаас хэмжээ нь давжаарсан аадгар арьсыг авчсан нэхий гэнэ.
  5. Тольсон нэхий: Арвич нямбай хүн хонийг өвчүүтээ нойтон арьсыг тал тал тийш нь хүчлэн татаж дээд зэргээр тэлж хатаадаг. Тэр ч байтугай 4 годыг нь гадаслан тэлдэг няхуур нямбай хүн ч бий. Энэ мэтээр сайтар сунгаж, богийн арьсыг бодын шир мэт талайг нь өргөсгөсөн арьсыг Тольсон арьс хэмээмүй.
  6. Идээлсэн нэхий: Хатсан арьснаа хямар /хярам/ шүршин чийглээд улмаар тусгайлан бэлдсэн хоормог цагааг хэдэнтээ түрхэж эрүүний ясаар маажин бүх талбайг жигд шүүлж, элдэхэд бэлтгэсэн арьсыг идээлсэн нэхий гэнэ.
  7. Элдсэн нэхий: Монголчууд идээлсэн нэхийг хэдрэгдэх, хянгардах, талхидах гэх мэт аргаар боловсруулж “Мяндас мэт зөөлөн, Шандас мэт бөх” болгодог эртний уламжлалтай. Ийнхүү хатуу шир, хөтүү нэхийг “магнаг мэт зөөлөн, мяндас мэт бөх” болгосон нь элдсэн нэхий юм.
  8. Туламласан нэхий: Хонины голыг тасалсны дараа арьсыг нь хуулах хэд хэдэн арга бий. Тэр нь үндсэндээ.
  9. Авралтай нэхий: Аадрын үерт хамуулж, аль эсвэл мөндөрт нүдүүлж амь эрсдэх дөхөн осгосон хүнийг авархад хонь хэрэг болдог аж. Учир нь хонийг битүү өвчөөд осгосон хүнийг тэрхүү нэхий өлгийд оруулж хав халуун сайн сархинагийг осгогчийн толгойд өмсгөвөл үхлээс аврагддаг. Тийхүү малын амиар хүний амь аварсан үстэй, ноостой тулмыг авралтай нэхий гэнэ.
  10. Сэгсүүрэг: Хонин сүргээсээ хуцаа ялгаагүйн улмаас намрын адаг сар, өвлийн эхэн сард хонь төллөдөг. Тэрхүү цагт гарсан хурга хүйтэн хайруу цагаар үхэх нь элбэг ч үлдсэн нь товир биетэй сэгсгэр үстэй болдог. Энэ мэт цаг бусаар ирж, цаг бусаар буцсан хурганы сэгсэлзсэн их үстэй арьсыг сэгсүүрэг хэмээмүй.
  11. Үзүүрсэг: Бүтэн жилийн турш хонины нуруунд хүнд “Тээш”, дулаан “Дах” болж байсан ноос дулаан улиралд шалз, хувалзны үүр болдог. Гурван улиралын турш ургасан төө сөөм түүнээс ч урт унгасыг уртын ноос гэдэг.
  12. Илэг: Хонины арьсыг өвчүүтээ дулаан байранд эвхэн дарж, бас ахин ус чийг өгөн илжилбээс бүх үс нь аандаа зумран унадаг. Үсийг нь зумласан арьсаар гутал хувцас, бээлийн цүнх хийх нь цөөнгүй. Энэ мэт үсийг нь зумласан нэхийг илэг гэдэг.
  13. Савхи: Үйлдвэрийн аргаар зумлаж, будсан илгийг савхи гэдэг. Монголын савхи хөрс сайтай бөгөөд дэлхийд дээгүүрт ордог. Энэ нь манай орны байгаль цаг уур, дөрвөн улиралтай холбоотой аж.
  14. Сармай: Урьд цагийн ядуус ихэвчлэн илгэн өмдтэй, сармай дээлтэй байжээ. Үс нь жигд бус зарим хэсэгтээ халцархай арьсыг сармай гэдэг. Энэ нь голдуу үхсэн богийн тордлогоо муутай арьс байдаг.
  15. Турсага: Зутраадаг зуд, харангадаадаг гангийн үед тураалдаа хүрээд турж үхсэн богийн хэврэг, хөрс муутай арьсыг турсага гэдэг.
  16. Адсага: Өвчнөөр эсвэл өлбөрч үхсэн бог болон бодын арьс ширийг ч адсага гэдэг. Адсагыг нохойд дэвсэх, үүдэнд тавих, аргал хомоол бүтээх, үнс хог зөөхөд хэрэглэдэг.
  17. Тарз:Тарчиг улиралд тартагтаан тулж үхсэн малын тачир, тархай үстэй арьсыг тарз хэмээмүй. Тарзыг хөдөө хөсөр хаясан дорхноо хөл /гутлын ул/ арчъя гээд босгоны ёроолд дэвсдэг байна.
  18. Хөдөс: Угаасаа яс тааруу нэхий нь элдсэн, эдэлсний хойно элэгдэх нь түргэн, энд тэндээсээ    халцрах нь хялбар байдаг. Энэ мэт элэгдэж, элч нь бараг үгүй болсон муу арьсыг хөдөс гэдэг

Эх сурвалж: https://www.terbumtan.com/index.php/agricultural/652-0247

2020.09.29

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn