(+976) 7711-0711

НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ

  1. Ноолуурын нийт эрэлт

Дэлхийн ноолуурын эрэлт зах зээлийн бүхий л салбарт тогтвортой өссөөр ирсэн, ялангуяа Хятад, Монголоос гол импортлогч улс болох Итали, Их Британи гэх мэт Европ тивд ноолуурын эрэлт өсч байна. 2016 онд эдгээр хоёр улс Европын орнуудын 97 гаруй хувийг хэрэглээний хэмжээгээр нь төлөөлж байна. Дэлхийн ноолууран хувцасны зах зээл 2018 онд 2,580 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд 3,500 сая долларт хүрч, жилийн тогтвортой өсөлт 3.9% -иар өснө. Ихэнх оролцогчид сүүлийн хэдэн жилийн туршид болон ирээдүйд тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт тогтвортой өсч байгааг тэмдэглэж, ялангуяа компаниудад илүү их ашиг тус хүртээж байгаа мөн ноолуур (ороолт) ашиглан дагалдах хэрэгслийн борлуулалт нэмэгдэж, үйлчлүүлэгчдэд илүү хүртээмжтэй нэвтрэх цэг болж байгааг тэмдэглэв. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн эрэлт хэрэгцээний дийлэнх нь бага хэмжээний эзлэхүүнтэй олон нийтийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хурдан шуурхай хангах явдал болоод байгаа бөгөөд тэрхүү зах зээлийн өндөр түвшний сегментэд шаардагдах чанарын эслэг тийм ч хангалттай биш байгаа юм. Энэ нь зах зээлийн оргилд буй компаниудад чанартай ноолуурын нийлүүлэлт аюулд ороод байна гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

  1. Ноолуурын салбар

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээгээр 2018 онд 30.5 сая хонь, 27.1 сая ямаа, 459.7 мянган тэмээ, 4.4 сая үхэр (үүнд 877.7 мянган сарлаг), 3.9 сая адуу, нийтдээ 66.2 сая мал тоологдсон ба ямаан сүргийн тоо толгой өмнөх оноос 222 мянган толгойгоор буурсан байна.Монгол улс жилдээ 2019 оны байдлаар дунджаар 9500 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 260 тонн сарлагийн хөөвөр, 33600 тонн хонины ноос бэлтгэх нөөцтэй.

Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Ноолууран ширхэгт нь байгалиас нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй үзүүлэлтээрээ ноолууран бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн түвшингийн дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байна.

Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр  59, өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна.

2018 оны эхний байдлаар ноолуурын салбарт  13000 тонн ноолуур угаах, 6220 тонн угаасан ноолуурын хялгасыг ялгаж, 4350 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх, 1870 тонн самнасан ноолуураар 1680 тонн ээрмэл үйлдвэрлэх, 2.8 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэх, 2 мянган метр нэхмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан боловч,  угаах 82 хувь, самнах 33 хувь, ээрэх 40 хувь, сүлжих 60 хувь, нэхэх 65 хувьтай ашиглаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Ноолуур хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн,  техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт нийт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт 5.7 дахин өсөх юм.

“Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 20 аж ахуйн нэгжид нийт 188.2 тэрбум төгрөгийн  зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Үүний үр дүнд зээлд хамрагдсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 1.3 дахин өсч, ноолуур боловсруулах салбарын түүхий эдийн бүрэн боловсруулалтын төвшин 2017 онд 14.1 хувь байсан бол 2018 оны байдлаар 25.0 хувьд, суурь онтой харьцуулахад 35.8 хувьд хүрсэн. Эдгээр үйлдвэрүүдийн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадал 28.6 хувь, сүлжих үйлдвэрийн хүчин чадал 42.7 хувиар тус тус өсөж, нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна.

Салбарын дүнгээр авч үзвэл самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 239 тонноор, ээрмэл үйлдвэрлэлийн хүчин чадал 130 тонноор, сүлжмэл үйлдвэрлэлийн хүчин чадал 649 мянган ширхэгээр тус тус нэмэгджээ.

Гаалийн ерөнхий газрын 2018 оны статистик мэдээгээр Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 409 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 22.2 хувиар өссөн байна.

Нэхмэлийн салбарын нийт экспорт

Ноолуурын салбарын нийт экспорт 390.2 сая ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн ба угаасан ноолуурын экспорт өмнөх оноос 2.3 хувиар буурч, самнасан ноолуурын экспорт 8.45 хувиар, бэлэн бүтээгдэхүүний экспорт 8.5 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, 4 нэхэх үйлдвэр, 8 ээрэх үйлдвэр, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх 1 үйлдвэр, 19 угаах үйлдвэр, 16 хялгас ялгах үйлдвэр, 56 сүлжих үйлдвэр, эсгий эдлэл үйлдвэрлэх 16 үйлдвэр, 169 эсгийлэх үйлдвэр, нийт 291 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

 

Эх сулвалж: https://mofa.gov.mn/exp/blog/11/175

2020.09.25

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn