(+976) 7711-0711

БОГ, БОДЫН АРЬСЫГ ЭСГЭЛТГҮЙГЭЭР ХУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЖЭЭ.

ХХААХҮ-ийн яам НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн аймагт төсөл хэрэгжүүлж байна.

Үүний нэг төсөл болох Ховд аймагт хэрэгжүүлж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнэгүйдлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх төслийн ажлын явцтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцлаа.

Энэхүү төслийн хүрээнд хонины ноосыг машинаар хяргах, бог, бодын арьсыг эсгэлтгүйгээр хуулах төхөөрөмжийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зураг төслөөр монгол инженерүүдийн ур ухаанаар зохион бүтээжээ.

ӨМНӨ нь малын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь арьсаа өвчихдөө цоолдог, эсгэлт, зүсэлт ихтэй байсан. Үүнээс болж, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанарын шаардлага хангадаггүй гологддог байсан.

ОДОО төслийн шугамаар үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа төхөөрөмжийн тусламжтайгаар бог малын арьсыг 15-20 секунд, бодын арьсыг өөхгүй бол 30 секунд, өөхтэй бол 1-2 минутын хугацаанд мэсгүйгээр ямар нэг эсгэлт, зүсэлтгүйгээр хуулах боломжтой болжээ.

ХХААХҮ-ийн яам дэргэдээ Судалгаа хөгжлийн төвийг байгуулсан. Энэ ажлын хүрээнд инноваци шингэсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, олон улсын стандартад нийцсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэж байж бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж сайд З.Мэндсайхан онцоллоо.

 

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2177

2020.09.22

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn