(+976) 7711-0711

Эмээлтийн парк АНУ-ын Оберн хотын үйлдвэрлэл технологийн парктай танилцлаа

20150420_23433020150423_231642

          АНУ-ын Алабама мужийн  Оберн хотын  үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ-ын дарга М.Гончигжав Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын дарга Н.Баяраа, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Ц.Эрдэнэцэцэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Халиун нар 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 26-ны өдрүүдэд Оберн хотод томилолтоор явсан байна.

         Үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцахад бүх паркууд нь кластер  буюу тодорхой бүтээгдэхүүний хэсгийг эсвэл нэг бүтээгдэхүүнийг чанартай, стандартын дагуу үйлдвэрлэж экспортлох хэлбэрээр хөгжүүлсэн байна. Мөн тухайн бүтээгдэхүүний экспортын үйлдвэрт нийцсэн түүхий эд, техник технологи, загвар хийцийг хатуу баримтлан, олноор үйлдвэрлэж, ашиг орлогоо нэмэгдүүлдэг нь маркетингт хөрөнгө мөнгө ихээр зарцуулахаас татгалзаж, харин чанарын хяналтын тогтолцоог өндөр түвшинд байлгах замаар бүтээгдэхүүнийхээ гарцад илүү анхаарах боломжийг бүрдүүлдэг байна.

         Бүтээгдэхүүний чанарын хяналтыг нүдэн баримжаагаар биш рентген туяаны тусламжтайгаар голдуу гүйцэтгэдэг болжээ. Тухайн хотын паркийн бүтэц нь үйлдвэрүүдийн нэгдэл гэхээсээ илүү төрөлжсөн нэг үйлдвэрийг парк хэмээн тооцдог байна.  Паркийн талаар хотоос баримтлах бодлогын мөн чанар нь экспортын баримжаатай, 100% экспортод чиглэсэн үйлдвэрүүдэд хотын хурлаар шийдвэр гаргах замаар татварын хөнгөлөлт, бэлэн байр түрээслүүлэх зэрэг маш олон дэмжлэгүүдийг үзүүлж, мужийн болон хотын татварын орлогын өсөлтөө хангах иргэдийг ажлын байртай болгох зорилтуудаа хэрэгжүүлж чаддаг ажээ. Онцолж дурдахад тухайн хотын паркууд нь кластерийн хэлбэрт хотын дэмжлэгтэйгээр бүрэн шилжиж, бүтээгдэхүүнээ 100% экспортолдог түвшинд хүрсэн байна.

          Жижиг дунд үйлдвэрийг бойжуулах төвийн /инкубатор/ үйл ажиллагаатай танилцахад үйлдвэрт зориулагдсан практик сургалтуудыг тухайн төвийн техник тоног төхөөрөмж ашиглан явуулдаг ба энэхүү сургалтанд ахлах сургуулийн сурагчдыг идэвхитэй татан оролцуулдаг бөгөөд тэрхүү жижигхэн байшинд бүтээлч, техник сэтгэлгээ, бүтээлч хөдөлмөр тасралтгүй өрнөдөг, тэнд бойжиж буй жижиг дунд үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ кластерийн зарчмаар голдуу экспортолдог байна.

          Үйлдвэрийн нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын төвд ажиллалаа. Энэхүү төв нь ISOмүлүж9001:2008 гэсэн сертификаттай АНУ-ын цорын ганц төв нь юм байна. Тус төв нь иргэдийн болон компаниудын захиалгаар мужийн мэргэжлийн ажилчин бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг үнэ төлбөргүй гүйцэтгэж, үйлдвэрүүдийн хүний нөөцийг зохистой бүрдүүлэхэд хүчин зүтгэдэг байгууллага юм байна.

          Хэрэв Оберн хоттой харилцаагаа өргөжүүлбэл Монголын үйлдвэрүүдийн паркийн мэргэжлийн ажилчин бэлтгэх сургагч багш нарыг энэхүү төвд сургаж болох талаар асууж лавлаж байлаа.

          Мөн хотын аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаатай танилцав. Аж үйлдвэрийн танхимын гол үйл ажиллагаа нь үйлдвэрүүдийг экспортын чиглэлтэй болгох, хотын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд оршино. Хотын үйлдвэрүүдийг гадаадын компанитай холбож, бүтээгдэхүүн экспортлох сургалт хийх, тэднийг холбож экспортын баримжаатай үйлдвэрүүдийг олноор бий болгох ажлыг нөр их хичээл зүтгэл зарцуулан хийдэг буянтай ажил эрхэлдэг хамт олон юм билээ. Манайхаас ялгаатай нь үйл ажиллагааны чиглэлээс гадна төрийн мэдлийн байгууллага юм байна.

          Дүгнэж хэлэхэд АНУ-ын Алабама мужийн Оберн хот бол иргэдийн амьдрах нөхцлийг хамгийн үлгэр жишээч бүрдүүлсэн, ногоон хот бөгөөд төрийн дэмжлэгтэйгээр паркийг хурдацтай хөгжүүлж, давуу талуудаа ашиглан бүтээгдэхүүнээ экспортолж, татварын орлогоо нэмэгдүүлэн, иргэдээ ажлын байртай болгох чиглэлд мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагчидтай хоттой бид танилцаад ирлээ. Одоо бидэнд тэрхүү гайхамшигтай туршлагуудыг нэвтрүүлэх л асуудал болж үлдлээ.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn