(+976) 7711-0711

МАЛ ТООЛЛОГЫН МЭДЭЭ

 

Мал аж ахуй нь Монгол орны хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон анхдагч

үйлдвэрлэлийн салбар байсны хувьд бүртгэл, статистикийн ажил ч энэ салбараас эхлэн

хөгжсөн түүхтэй.

XIII зууны үед Монгол улсад хүн, малын тооллого явуулж байсан

баримт түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Манжийн хараат байх үед Монголд мал тооллого явуулж байсан боловч нэгдсэн тооллого хийж чаддаггүй, орон нутгийн чанартай байв. Аймаг, хошуудад янз бүрийн хугацаанд, өөр өөрсдийн шаардлага үзэмжээр мал тооллого явуулж байсан байна.

Гадаад Монголын Засгийн газар 1918 онд хүн ам, малын тооллого явуулсан

байна. Уг тооллого нь халхын 4 аймаг, лам, ноёд, шавь албат ардууд, сүм хийдийн малыг

хамруулсан боловч Ховдын хязгаар, Дархадын хязгаар, Хөвсгөл нуур орчмын Богд

гэгээний эзэмшил нутгийн мал ороогүй ажээ.

Ардын засгийн газар 1924 онд Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг

шинээр байгуулж, мал тооллогыг үнэн зөв явуулах талаар онцгой анхаарч, тооллого

явуулах, данс бүртгэлийг нэгтгэх, тушаах цаг хугацааг тогтоож, хуучин төлөөний түшмэл

дээр боловсрол чадвартай тусгай түшмэлийг нэмэн томилж, ард олонд тайлбарлан

таниулах ажлыг зохиосны үр дүнд анх удаа улсын хэмжээгээр хугацаа, аргачлалын хувьд

нэгдсэн программтай мал тооллого явагдсан байдаг.

Мал тооллогод урьд өмнө нь бүртгэгдэхгүй байсан цаа буга, илжиг, луус, өвс

хадлан, тариалангийн талаар зарим нэмэлт үзүүлэлтийг 1924 оноос эхлэн оруулсан

байна.

 Мал тооллогыг зун, намрын улиралд буюу ихэвчлэн 8, 9 дүгээр сард явуулж

байсан бол, 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог

болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого,

зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн

харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.

Малын хашаа байрын тооллогыг 1966 оноос, худаг, малын тэжээлийн тооллогыг

1972 оноос нэмж мал тооллоготой хамтруулан явуулдаг болов.

Ардын хувийн аж ахуйтны малыг 1959-1960 онд нийгэмчилж, хоршоололд

хамруулж дууссан бол 1992 онд малыг хувьчлах ажил хийгдэж дууссан билээ.

2017 оны тооллого нь малчдын мэдээлэл, эрчимжсэн мал аж ахуйн мэдээлэл,

бэлтгэсэн хадлан, тэжээл, аргал, хөрзөн, түлшний мод, малчин өрхийн зарим

мэдээллийг дэлгэрэнгүй тусгаж өгснөөрөө өмнөх тооллогуудаас илүү онцлог, ач

холбогдолтой болсон.

Мал хувийн өмчид шилжсэнээр төлөвлөгөөт эдийн засгийн үед жилд дунджаар 23

сая толгойгоос хэтрэхгүй байсан малын тоо  66.2 сая толгойд хүрээд

байна.

 

Эх сурвалж: Мал аж ахуйн тооллогын судалгаа

2020.07.31

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn