(+976) 7711-0711

Хоосон улс төржилт хотын асуудлыг шийдэхгүй

Ирэх жил 31 байршилд сургууль, цэцэрлэг барихаар Нийслэлийн удирдлагууд төлөвлөжээ. Тодруулбал, 20 цэцэрлэг, 11 сургууль барьж ашиглалтад оруулах гэнэ. Гэхдээ энэ бүхэн өргөтгөл хэлбэрээр баригдахыг хотын дарга тодотгосон юм. Ингэхдээ эхний ээлжинд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын барилгыг барих буюу өргөтгөх гэнэ. Харин шинээр байршил тогтоож, сургууль, цэцэрлэг барихаар болоход дэд бүтэц, газар олголттой холбоотой зардал их гардаг. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал хүнд, хөрөнгө мөнгө дутмаг байгаа тул боломжоо ашиглахаар шийдвэрлэсэн нь энэ аж. Энэ тухайд НИТХ-ын тавдугаар хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах үеэр хэлэлцсэн юм. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн сургууль, цэцэрлэгийн дээрх тоог чамлалттай хэмээн үзэж 81 байршлаар нь батлуулах санал гаргаж байлаа. Концессоор баригдах учраас төсөвт ачаалал үүсэхгүй гэдгийг ч зарим төлөөлөгч хэлсэн. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх санааг хоёр гараа өргөөд дэмжмээр байв ч хөрөнгө мөнгөгүй байгаа шалтгаанаа хотын дарга тэдэнд тайлбарлаж, мөн тэдний хэлсэн дээрх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байгааг ажил хариуцсан хүнээр нь учирлуулсан. Түүнчлэн концессаар шийдвэрлэхээр болсон зарим ажил шүүхийн шатанд байгааг ч энэ үеэр онцлож байлаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Эдийн засгийн өсөлт өрх бүрт, Хот байгуулалт, дэд бүтэц, Байгал орчин, ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Засаглал гэсэн таван бүлэг, 26 зорилтын хүрээнд боловсруулжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа өсгөж, хотын иргэдээ ажилтай орлоготой болох боломжийг бүрдүүлэх нь “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрт” хэсгийн гол зорилт гэдгийг хотын дарга С.Батболд танилцуулгадаа дурьдсан. Тэрбээр “Эмээлт, Налайх, Багануурын үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагааг эхлүүлж, Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ. Налайхын барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн ажил болон ажлын зураг төслийг боловсруулан батлуулахаар төлөвлөж байна. Дагуул хот, дэд төв, дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бизнес инкубатор төвүүд байгуулах ажлыг эхлүүлнэ” гэлээ.

Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээг барьж ашиглалтад оруулж, Дэнжийн 1000, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийг бэлтгэл ажлыг хангахаар тусгажээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдааны төв байгуулах боломжийг судлан “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хог хаягдлыг дахин боловсруулах Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулах бэлтгэл ажлыг хангана. Аюултай хог хаягдлын устгалын менежментийг боловсронгуй болгож байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулна гэхчлэн хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотод сэргээгдэх болон эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, газар зохион байгуулалтыг шинэчилж, дэд бүтцийн салбарт шинэ техник технологи нутагшуулахаар төлөвлөсөн тухай ч танилцуулгад дурьдагдсан. Энэ үеэр шөнийн тарифыг тэглэх саналыг НИТХ дахь АН-ын бүлгээс гаргав. Энэ нь сайхан санаа ч, асуудлыг нийслэлийн удирдлагууд бус Засгийн газрын түвшинд хэлэлцэж шийдвэрлэдгийг хотын дарга хэлсэн. Гэхдээ тэр түвшинд шийдвэрлэнэ гээд хойш тавих биш санал санаачилга гаргаж, зөвшилцөж аль болох асуудлыг шийдвэрлэхээ амласан. Төлөөлөгч Ц.Баатархүү гэрэлтүүлэг тавья гэхээр цахилгааны шугам ачааллаа дийлэхгүй гэх байдлаар асуудал хариуцсан эрхмүүд үргэлж зовлон тоочдогийг сануулж, аль болох нааштай хариу гаргах тал дээр хотын даргыг санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн багш нарын урамшууллын асуудал төлөөлөгчдийг талцуулаад амжсан. 2015 онд тэрбумаар төсөвлөгддөг байсан эл урамшууллыг 2016 онд 700 сая төгрөгөөр төсөвт тусгаж байжээ. Гэвч эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой хийж болох хэмнэлтийн хүрээнд оруулсан нь АН-ынг бүлгийнхэнд таалагдсангүй. Гэвч нөхцөл байдлаа ухамсарлаж, асуудалд бодитойгоор хандахыг хотын дарга сануулсан. Хий улстөржиж, асуудлыг гацаасан, зогсоосон, эргүүлэн татсан мэтээр сөрөг мэдээлэл нийгэмд цацахгүй байхыг ч хүссэн. Учир нь хямралыг аль болох богино хугацаанд, хохирол багатайгаар даван туулахын тулд хэмнэлтийн горимыг баримтлахаас өөр аргагүй. Энэ чиглэлийг ч Засгийн газраас өгсөн гэнэ. Иймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, асуудлыг нухацтайгаар авч үзэхийг төлөөлөгчдөд анхааруулсан юм.

Мөн нийслэлийн иргэдэд хамгийн ихээр тулгамдаад байгаа авто зогсоолын талаар ч төлөөлөгчид санал бодлоо солилцсон. АН-ын бүлгээс давхар эко зогсоолтой болох санал гаргасан ч төлөөлөгчдийн олонх дэмжсэнгүй. Зүй нь хотын удирдлага нийтийн эзэмшлийн талбай орон сууцны хороолол дунд газар доорх зогсоол барих шийдлийг гаргаад буй. Дээрээ тоглоомын талбай бүхий авто зогсоолыг барьж ашиглалтад оруулах нь илүү оновчтой санаачилга гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.

Мэдээж агаарын бохирдлын талаар ч энэ үеэр хөндөгдсөн. Нийслэл асуудлыг 100 хувь шийдвэрлэж, утаагүй болгочихно гэвэл үлгэр. Харин авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь мөнгө угаах зарчмаар битгий явагдаасай гэдгийг олон төлөөлөгч хэлсэн. Энэ талаар үндсэн чиглэлд “Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх замаар агаарын чанарыг сайжруулах арга хэмжээ авна. Нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний доройтол, бохирдлыг бууруулах суурь төлөвлөгөө боловсруулж, жишиг хөрсний бохирдлыг бууруулах төсөл үе шаттай хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Эрүүл мэндийн тухайд загвар өрхийн эмнэлгийн төвүүдийг байгуулах гэнэ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр таван өрхийн загвар эрүүл мэндийн төвүүд болон Сонгинохайрхан дүүргийн загвар нэгдсэн эмнэлгийг барих бэлтгэл ажлыг эхлүүлэхээр болжээ. Ийнхүү асуудлыг төлөөлөгчид тал бүрээс нь тунгаан хэлэлцсэний дараа үндсэн чиглэлийг баталсан юм.

 

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин Тоймч Л.НИНЖСЭМЖИД

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn