Титмийн зар

Eng
>

“Өнөөдөр” сонин жил гаруйн өмнө Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк байгуулах талаар “Эмээлтийн парк ба хүлээлгийн танхим” нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ удаа парк байгуулах газар дээрээс нь ажил хэр урагшилж байгаа, юу юу хийгээд буйг сурвалжиллаа. Хан-Уул дүүрэг дэх үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх тогтоолыг 2012 онд УИХ-аас гаргаснаас хойш хөнгөн үйлдвэрийн парк байгуулах тухай ярьж эхэлсэн байдаг. Тэгвэл 2014 онд Засгийн газрын 356 дугаар тогтоолоор паркийн газрын байршлыг эцэслэн тогтоож, бидний сурвалжилга хийж буй Хан-Уул дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэр дэх 160 га-г сонгосон байдаг.

Үүнээс хойш парк байгуулахыг хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүд “хүлээлгийн танхимд” багагүй хугацааг өнгөрөөж буй. Гэсэн ч парк байгуулах газар өдгөө хоосон шахуу байна. Гэхдээ жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл нь газар дээрээ цахилгаанаа татаж, барилгын ажил эхлэхэд бэлэн болгожээ. Мөн паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ундны, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамж, үерийн барилга байгууламж зэрэг зураг төслийн есөн ажлыг боловсруулж дууссан байна. Бүтээн байгуулалт нь эдийн засгийн үр ашигтай, байгальд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашигласан байхыг дээрх зураг төслүүдэд тусгаснаараа онцлогтой гэнэ. Парк байгуулах талаар олон жил ярьж, дарга нарын аман дотор хэд хэдэн буурь сэлгэж байсныг бодвол ажил бага боловч урагшилсан гэсэн үг.

Саяхан бүрдсэн Засгийн газар, нийслэлийн ЗДТГ-ынхан энэ ажлыг дэмжиж, урагшлуулах төлөвлөгөөтэй аж. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Арьс ширний боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны доголдол Төв цэвэрлэх байгууламжийн технологид сөрөг нөлөө үзүүлж, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдагдуулж байгаа. УИХ-ын шийдвэрээр 2017 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотын төвөөс нүүлгэх болсон. Ингээд нийслэлийн ИТХ-аас шийдвэр гаргаж, Хан-Уул дүүргийн XIII хороо, Эмээлт, Аргалантын суурьшлын бүстэй хил залгасан Шар хэцийн хоолойн 160 га газарт парк байгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэлээд хэдэн ажлыг гүйцэтгээд буй. ТЭЗҮ-ээр уг төслийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд 350 сая ам.доллар шаардлагатай гэсэн төсөөлөл гарсан. Нийт хөрөнгө оруулалтын 39 хувийг улс, нийслэлийн төсөв болон дотоодын бусад эх үүсвэрээс гаргаж, дэд бүтцийг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Үлдсэн хэсэгт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна” гэв.

Парк байгуулахын тулд хамгийн түрүүнд хийх шаардлагатай ажил нь үерийн байгууламж барих гэнэ. Тус газарт олон жилийн дунджаас ахиу хур тунадас унадаг аж. Үер их бууж байсан бололтой нэлээд гүнзгий ан цав цөөнгүй үүсчээ. Хэрэв үерийн байгууламжийг шийдэхгүйгээр барилгын ажлаа эхэлчихвэл бүтээн байгуулалт үр дүнгүй болох талтайг паркийнхан онцолсон юм. Иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах нь ямар ч бүтээн байгуулалтын нэн тэргүүний асуудал учраас хамгийн түрүүнд уг ажлыг гүйцэтгэх аж. Зүгээр ч нэг байгууламж бариад зогсохгүй, эдийн засгийн үр өгөөжтэй байх талаас нь ч харж, зураг төслийг нь гүйцэтгэсэн байна. Үерээс буусан усыг хоёр цөөрөмд цуглуулж, тэндээ загас үржүүлэх гэнэ. Үүнийгээ түшиглэн, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлж, загасчид цуглах бүс байгуулахаар тусгасан аж.

Ундны усан хангамжийн хувьд хотоос нэлээд алслагдсан газар учир багагүй зайнаас татах болжээ. Хамгийн ойрын эх үүсвэр болох Хүй долоон худаг орчмоос буюу 19 км зайнаас татах зураг төсөл боловсруулжээ. Зөвхөн паркийн усан хангамж биш, Хүй долоон худгаас Эмээлт хүртэлх суурьшлын бүс бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг усаар хангах томоохон шугам тавих юм байна. Харин үйлдвэрийн усыг паркаас таван км-ийн зайнаас буюу Туул голын сав газраас татах гэнэ. Тухайн бүс нутагт анхан шатны боловсруулах үйлдвэрүүд байгуулах учир хоногт 20.000 шоо метр ус цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөөд буй.  Цэвэрлэх байгууламж нь үйлдвэрийн, ахуйн бохирыг цэвэрлэх гэсэн хоёр хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнээс гадна байгальд ээлтэй болгохын тулд цэвэрлээд гаргасан усыг дахин ашиглаж, тунаж үлдсэн лагийг булшлахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах аж.

Монгол Улсад олон үйлдвэр бий ч шинжлэх ухаанч хандлагатай, эрдэмтдээ дэмжиж, нээлтийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх санал, санаачилга гаргадаг нь тун цөөн. Тийм ч учраас шинжлэх ухааны байгууллага, үйлдвэр хоёр тус тусдаа ажилладаг, харьяалагддаг байгууллага нь ч өөр. Тэгвэл паркийн эрхэм зорилго нь экспортын баримжаатай, импортыг орлох, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийг төгс хангасан үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах аж. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрүүдийг нэг газарт байрлуулж, Монголын шилдэг технологийг боловсруулж, туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг газар болгох юм байна. Паркийн хашаанд үйлдвэр, шинжлэх ухааны байгууллага хоёр зэрэг хөгжиж, нэг удирдлага, зорилготой ажиллахаар төлөвлөсөн нь энэ.

“Манай газрыг байгуулснаас хойших хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтаа эхлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг дуусгаад байна. Бүх ажлын зураг төслийг хийснээс гадна хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалтдаа хамруулахын тулд нэлээд ажиллалаа. Ганц жишээ дурдахад, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэд хэдэн удаа уулзаж, манай улсад экспортын чиглэлийн гутлын үйлдвэр байгуулахаар тохирсон. Өнгөрсөн долдугаар сард болсон АСЕМ-ын үеэр Вьетнамын Ерөнхий сайд хоёр амлалт өгөөд явсны нэг нь Монгол Улсад Вьетнамын хөрөнгө оруулалтаар арьс ширний үйлдвэр байгуулах юм. Ингэснээр Европ, АНУ-ын зах зээлд гардаг гутлуудыг монгол ширээр, Монголын үйлдвэрт хийх боломж бүрдэнэ. Энэ нь бидний яриа хэлэлцээрийн үр дүн гэж харж байгаа. Хэлэлцээрийн одоо ч үргэлжилж буй” гэж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийн дарга М.Гончигжав хэлсэн юм.

Өдгөө хоосон байгаа газар дээр цэвэрлэх байгууламжаас гадна 100 мВт-ын хүчин чадалтай, цагт 70 тонн уур гаргах хүчин чадалтай дулааны станц барихаар бас төлөвлөсөн юм. 2020-2030 онд паркийн орчим Эмээлт, Аргалантын дагуул хот байгуулахаар өнгөрсөн онд ТЭЗҮ-ийг нь гүйцэтгэсэн байдаг. Өдгөө батлах түвшинд яваа гэнэ. Хөнгөн үйлдвэрийн паркийг ирээдүйн дагуул хотын дэд бүтцийн төв болгохоор төлөвлөсөн бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжийн бохир усыг паркийн цэвэрлэх байгууламж хүлээн авч цэвэрлэнэ. Дулаан хангамж, хэрэгцээний халуун усыг нь ч паркийн дулааны станцаас түгээхээр тусгасан байна.

Эмээлтийн паркийг байгуулчихвал зөвхөн арьс ширний үйлдвэрүүдэд 10.000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Арьс ширний гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүний, ноос, ноолуур угаах зэрэг үйлдвэрүүдийг олноор байгуулахаар тусгасан байдаг. Паркийн нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь үйлдвэр байгуулахаар ерөнхий төлөвлөгөөнд дурджээ. “Маш олон хүнийг ажлын байртай байлгахын тулд кластерийн үйлдвэрт нэлээд ач холбогдол өгнө. Тухайн бүтээгдэхүүний “жижиглэж”, хэсэг тус бүрийг нь хийх нэлээд олон үйлдвэр байна. Монголд арьс ширний үйлдвэр олон байдаг ч нэгдсэн бодлого байхгүйгээс эдийн засгийн үр өгөөж байдаггүй. Улаанбаатар хотод жилд 10 орчим сая арьс шир цугладаг. Гэтэл Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хүчин чадал 20 сая. Ийм учир эдийн засгийн үр өгөөж, ашиг бага байх нь мэдээж юм. Харин парк байгуулахаар үйлдвэрүүд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, түүхий эдийнхээ хэмжээнд тохирсон хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулна. Ингэхдээ дэлхий дээрх байгаа хамгийн шилдэг, шинэ технологиудыг ашиглах учиртай. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлог технологитой байдаг. Жишээ нь, цүнх, гутал хийх арьс ширийг боловсруулах технологи өөр өөр гэсэн үг. Энэ мэтээр дэвшилт технологи бүхий, үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүнтэй тохирсон техник, технологи нэвтрүүлэх үүрэг даалгаврыг үйлдвэрүүдэд өгнө. Ингэж байж экспортын бараа бүтээгдэхүүн зонхилсон, импортыг орлосон үйлдвэрүүдийн нэгдэл бий болно. Энэ зорилгынхоо хүрээнд парк байгуулж эхэлж буй” гэж М.Гончигжав дарга тэмдэглэлээ.

2020 он гэхэд үйлдвэрүүдээ барьчихаад, анхны бүтээгдэхүүнээ гаргана гэж паркийнхан тооцжээ. Засгийн газар, нийслэлийн ЗДТГ-ынхан Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, байгуулах талаар дэмжлэг үзүүлэхээр болсонд талархаж буйгаа ч тэд дурдсан. Гэсэн ч шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудал бий аж. Тухайлбал, тус газрынхан паркийн үйл ажиллагаа эхлүүлэх тусгай зөвшөөрлөө ч авч чадаагүй гэнэ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд “Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг юм байна. Өмнө нь тэд энэ асуудлаа Аж үйлдвэрийн яаманд тавьж байсан ч шийдэж өгөлгүй хойшлуулсаар өдий хүрсэн аж. Тэгвэл өдгөө уг зөвшөөрлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны чухам аль нь өгөх нь тодорхойгүй байгаагаас бас л зөвшөөрөл авч чадаагүй байгаа юм билээ.

Үйлдвэрүүдийн хүнд металл бүхий бохирыг дийлэхгүй, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж байгаа талаар цөөнгүй жил ярьж байгаа. Энэ талаар хийх дорвитой, томоохон ажлын нэг нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк байгуулах гэж олон жил ярилаа. Анх ярьж эхэлж байснаа бодвол өдгөө ажил эхлэх нөхцөл бүрдчихсэн байгаа нь сайн хэрэг. Эмээлтийн парк байгуулахыг харсан хүмүүсийг “хүлээлгийн танхимд” суулгасаар байхгүйн тулд илүү сайн ажиллах цаг иржээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2016.11.16

Сэтгэгдэл бичих