Титмийн зар

Eng
>

Монголын ноос, ноолуурын салбарын түүхий эд

2015 оны байдлаар ноос, ноолуурын салбарын түүхий эдийн нөөцийг авч үзвэл:  ямааны ноолуур-7000 тн, хонины ноос, 23000 тн, тэмээний ноос 1100 тн, сарлагийн хөөвөр 200 тн байна.

Монголын хонь, ямаа, тэмээний үүлдрүүдийн ноос, ноолуурын гарц

Монгол ямаа: Чийрэг, болхидуу бие цогцостой төв Азийн эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад нэн сайн зохицсон, тэсвэр хатуужилтай, маш нарийн уян зөөлөн ноолууртай. Улаан, хар, хөх, цагаан зүс зонхилдог.

-Нас гүйцсэн ухна 280гр ноолуур өгдөг.

-Борлон ухна 230 гр ноолуур өгдөг.

-Эм ямаа 246 гр ноолуур өгдөг.

-Охин борлон 200 гр ноолуур өгдөг.

Алтайн улаан үүлдрийн хэсгийн ямаа: Энэхүү ямаа нь галбирын согоггүй, ясжилт сайтай, чийрэг бие цогцостой, наран эвэртэй, улаан, цайвар улаан, хүрэндүү улаан зүстэй, сайн чанарын ноолуур өгдөг онцлогтой.

-Нас гүйцсэн ухна 480гр ноолуур өгдөг.

-Борлон ухна 265 гр ноолуур өгдөг.

-Эм ямаа 345 гр ноолуур өгдөг.

Говь гурвансайхан үүлдрийн ямаа: Говь гурван сайхан үүлдрийн ямааны цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган суманд үржүүлдэг.

-Нас гүйцсэн ухна 700 гр ноолуур өгдөг. Борлон ухна 350 гр ноолуур өгдөг.

-Эм ямаа 450 гр ноолуур өгдөг. Охин борлон 320 гр ноолуур өгдөг.

Уулын бор үүлдрийн ямаа: Уулын бор ямаа нь тэсвэр сайтай, сайжруулагч үүлдрийн ашиг шимт чанарыг хадгалж чадсан, бие томтой, чийрэг бие цогцостой, хар зүстэй, бараандуу өнгийн ноолууртай, жилийн турш бэлчээрийн маллагаанд байдаг.

-Нас гүйцсэн ухна 740 гр ноолуур өгдөг.

-Борлон ухна 360 гр ноолуур өгдөг.

-Эм ямаа 530 гр ноолуур өгдөг.

-Охин борлон 340 гр ноолуур өгдөг.

Монгол /халх/ үүлдэр хонь: Монгол хонь манай орны өндөр уул, ойт хээр, тал хээр, говь, цөлийн аль ч бүс нутагт зохицсон, бэлчээрээр маллахад тэсвэртэй, чийрэг бие цогцостой, бэлчээрийн нөөц хомс, тэжээл бага байдаг өвөл хаврын улиралд онд мэнд орох онцгой чадвартай. Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт нь гойд сайхан, бүдүүн ноостой. Ноос нь эсгий, цэмбэ хийх үндсэн түүхий эд болдог.

-Нас гүйцсэн хуц 1,7 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 1,3 кг ноос өгдөг.

-Эм хонь 1,5 кг ноос өгдөг.

-Охин төлөг 1,2 кг ноос өгдөг.

Тал нутгийн цагаан үүлдрийн хонь:  Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Өндөрхаан, Сүхбаатар аймгийн Асгат суманд үржүүлдэг.

-Нас гүйцсэн хуц 4,2 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 2,6 кг ноос өгдөг.

-Эм хонь 2,6 кг ноос өгдөг.

-Охин төлөг 2,1 кг ноос өгдөг

-Ноосны цэвэр гарц 56% байдаг.

Орхон үүлдрийн хонь: Орхон үүдрийн хонины цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд үржүүлдэг.

-Нас гүйцсэн хуц 5,6 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 5,1 кг ноос өгдөг.

-Эм хонь 3,7  кг ноос өгдөг.

-Охин төлөг 3,4 кг ноос өгдөг.

-Ноосны цэвэр гарц 55% байдаг.

Хангай үүлдрийн хонь: Хангай үүлдрийн хонийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үржүүлдэг. Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөр /125%/. Ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой.

-Нас гүйцсэн хуц 7,0 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 3,5 кг ноос өгдөг.

-Эм хонь 3,4  кг ноос өгдөг.

-Охин төлөг 3,2 кг ноос өгдөг.

-Ноосны цэвэр гарц 49% байдаг.

Керей үүлдрийн хонь: Үүлдрийн цөм сүргийг Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг. Керей үүлдэр нь Алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, чацархаг, хондлойн хэсэг нь сэрвээнээсээ өндөр өргөгдсөн, том сүүлтэй, сүүл нь ацалсан хэлбэртэй түргэн өсөж томрох онцлогтой, мах, өөхөн ашиг шим сайтай, бүдүүн ноостой.

-Нас гүйцсэн хуц 2,0 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 1,6 кг ноос өгдөг.

-Эм хонь 1,3  кг ноос өгдөг.

-Охин төлөг 1,4 кг ноос өгдөг.

-Ноосны цэвэр гарц 61,1% байдаг.

Сүмбэр үүлдрийн хонь: Сүмбэр үүлдрийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үржүүлдэг. Энэ үүлдэр нь цөлөрхөг хээрийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, хар, саарал, хүрэн өнгийн буржгар хурга гаргана.
Хонины зүс насаар өөрчлөгддөг. Хурга хар, улаан, саарал зүстэй гарч цаашид буурал болно. Буржгар хурганы арьсаар дээл, малгай, зах хийхэд нэн тохиромжтой.

-Нас гүйцсэн хуц 2,6 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 1,6 кг ноос өгдөг.

-Эм хонь 1,8  кг ноос өгдөг.

-Охин төлөг 1,5 кг ноос өгдөг.

Сартуул үүлдвэр: Сартуул хонины цөм сүргийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үржүүлж байна. Сартуул хонь хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй, ноос урт, бүдүүвтэр, ноосны чанар сайн, хивс хийхэд тохиромжтой, арьс нь харьцангуй нимгэн.

-Нас гүйцсэн хуц 1,9 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 1,6 кг ноос өгдөг.

-Эм хонь 1,5  кг ноос өгдөг.

-Охин төлөг 1,5 кг ноос өгдөг.

Говь-Алтай үүлдрийн хонь: Энэ үүлдрийн хонийг Бугат, Цээл, Цогт суманд үржүүлдэг. голдуу гурван төрлийн үснээс бүрдсэн бүдүүвтэр ноостой, ноос нь чанар сайн, жигдлэгдүү учир хивс, бүтээлэг хийхэд нэн тохиромжтой.

-Нас гүйцсэн хуц 2,1 кг ноос өгдөг.

-Төлгөн хуц 1,8 кг ноос өгдөг.

-Эм хонь 2,1  кг ноос өгдөг.

-Охин төлөг 1,6 кг ноос өгдөг.

-Ноосны цэвэр гарц 61,9 байдаг.

Үзэмчин үүлдрийн хонь: Үзэмчин хонийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн суманд үржүүлдэг. Ноос нь хялгас ихтэй, ноолуур нь бусад омог хониныхоос нарийн (18.3 мкм).

-Нас гүйцсэн хуц 1,4 кг ноос өгдөг.

-Эм хонь  1,3 кг ноом өгдөг.\

Баяд үүлдрийн хонь: Баяд хонийг Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь суманд зонхилон үржүүлдэг. ноосон ашиг шим сайтай, нэг, хоёрдугаар зэргийн ноос нь хивс, хөнжил хийхэд тохиромжтой.

Нас гүйцсэн хуц 2,1 кг ноос өгдөг.

Төлгөн хуц 1,7 кг ноос өгдөг.

Эм хонь 1,8  кг ноос өгдөг.

Охин төлөг 1,9 кг ноос өгдөг.

Ноосны цэвэр гарц 69,9 байдаг.

Галбын говийн улаан омгийн тэмээ: Өмнөговь аймгийн Ханбогд суманд үржүүлэгддэг. Бүх тэмээний 70-аас дээш хувь нь улаан, улаан хүрэн зүстэй. Ноосны гарц нь нас, хүйсний байдлаас хамаарч 2.8-10.4 кг ноос өгдөг бөгөөд энэ нь улсын дунджаас сүргийн дунджаар 0.2-0.3 кг ноос илүү өгдөг.

Ханын хэцийн хүрэн омгийн тэмээ: Үржлийн сайн буур 10.3 кг, ингэ 5.6 кг, нэг наст 2.9- 3.2 кг, хоёр наст 4.3-4.5 кг, гурван наст 4.8-5.7 кг, дөрвөн наст 5.2-7.0 ноос өгдөг. Ноосонд заримдаг үс, сор үсний эзлэх хувийн жин сор 71.3 хувь, ноолуур 28.7 хувийг эзлэнэ.

Дөхөм-Тунгалагийн үржлийн хэсгийн тэмээ:  ноосны гарц буурных 10.0 кг, ингэнийх 5.7 кг, бусад үзүүлэлт нь Монгол үүлдрийн тэмээтэй үндсэндээ адил.

Төгрөгийн хос зогдорт омгийн тэмээ: Ноосны гарц 5,7-5,8 кг байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих