(+976) 7711-0711

Хөдөлмөрийн дотоод журам

ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /цаашид “Газар” гэх/-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын зорилго нь цаашид байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, захиргаа, ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд төрийн албан хаагчийн үүрэг хариуцлагыг чиглүүлж тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахих, төрийн албаны тасралтгүй шуурхай байдлыг хангах болон бусад дотоод үйл ажиллагааны харилцааг зохицуулахад оршино;

1.2 Газар нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авилгын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам, энэ дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллана;

1.3 Газар нь Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарах;

1.4 Газар нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ;

1.5 Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд газрын дарга, хэлтсийн дарга нар зохион байгуулж гүйцэтгэлд Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтэс хяналт тавина;

1.6 Энэхүү журмыг тус газарт ажиллаж байгаа бүх албан хаагчид нэгэн адил чанд дагаж мөрдөнө;

1.7 Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавих бөгөөд хэрэгжилтийн явцын тайланг хагас жил, жилээр Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга, газрын даргад танилцуулна;

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1 Газар нь Дарга, Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтэс, Төсөл хэрэгжүүлэх хэлтэс гэсэн бүтэцтэй байна;

2.2 Газрын даргын дэргэд “Даргын зөвлөл” ажиллах ба Зөвлөл үйл ажиллагааны журамтай байна;

2.3 Газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, газрын дарга албан тушаал тус бүрээр батална;

2.4 Газрын бүтэц зохион байгуулалтаар тогтоосон ажлын байр, албан тушаалд ажиллах албан хаагчтай газрын дарга “Хөдөлмөрийн гэрээ” –г бичгээр байгуулна;

2.5 Газрын дотоод үйл ажиллагааг сайжруулах, цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлээр ажлын хэсэг томилон ажиллуулах асуудлыг газрын даргын тушаалаар хэрэгжүүлнэ;

2.6 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрийн дараа байгууллагын нийт ажилтнуудын хурлыг тухайн долоо хоногийн мягмар гараг бүрийн өглөө 10:00 цагт хуралдуулна;

2.7 Хурал, зөвлөгөөнөөр ярилцсан арга хэмжээ, үүрэг, даалгаврыг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн тэмдэглэж,  хэрэгжилтийг хангуулах асуудлыг Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж ажиллана;

2.8 Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын цаг ашиглалтад хяналт тавьж, цаг бүртгэлийн мэдээг гарган байгууллагын болон хэлтсийн даргад танилцуулахаас гадна сард 2 удаа цаг бүртгэлийн мэдээг гаргаж, нягтлан бодогчид өгнө;

Гурав. Газрын даргын эрх үүрэг

3.1 Газрын дарга дараах эрхийг эдэлнэ:

3.1.1 Албан хаагчдаас хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт тусгагдсан болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ зохих ёсоор биелүүлэх, ажил үйлчилгээний чанарыг сайжруулахыг шаардах;

3.1.2 Хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дээд байгууллага болон удирдлагаас батлан гаргасан дүрэм, журам зааврыг биелүүлэхийг шаардах, биелэлтэд хяналт тавих;

3.1.3 Энэ бүлгийн 4.1.1, 4.1.2-т заасныг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан хаагчид хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах;

3.1.4 Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай, Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ болон энэ журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохыг санаачлах;

3.1.5 Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан албан хаагчийг зохих журмын дагуу шагнаж урамшуулах, түүнчлэн төрийн одон медаль бусад шагналд тодорхойлох, үндсэн цалин, зэрэг дэв болон ур чадварын нэмэгдлийг олгуулах;

3.1.6 Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэр, ахуй амьдралд нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэсэн спорт урлаг, баяр ёслол зэрэг олон нийтийн арга хэмжээ санаачлан зохион байгуулах, үүнтэй холбоотой үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах талаар шаардлага тавих;

3.1.7 Хууль тогтоомж, энэ журамд заасан бусад эрхийг эдэлнэ.

3.2 Газрын дарга дараах үүрэг хүлээнэ:

3.2.1 Газрын эрхэм зорилго, газрын дүрмийг үндэслэн гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлэх;

3.2.2 Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих;

3.2.3 Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангах, өрөө тасалгааны ая тухтай байдлыг сайжруулах ажлыг зохион байгуулж шаардлагатай ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;

3.2.4 Газрын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, түүний аюулгүй ажиллагааг ханган ажиллах;

3.2.5 Албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн чөлөөт цаг амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар анхаарч тодорхой ажил зохион байгуулах;

3.2.6 Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх

3.2.7 Газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах;

3.2.8 Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээг дэмжин ажиллах;

3.2.9 Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулах , шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

3.2.10 Албан хаагчаас хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлэх, эрхэлсэн ажлын чиглэлээр шууд хамаарах болон цаг үеийн асуудалтай холбогдох үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхийг шаардах;

3.2.11 Архив, албан хэрэг хөтлөлтийг зохих журмын дагуу явуулж, баримт бичгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;

Дөрөв. Албан хаагчийн эрх, үүрэг

4.1. Албан хаагч нь хууль тогтоомжид заасан дараах эрхийг эдэлнэ.

4.1.1 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин, бүх төрлийн нэмэгдэл авах;

4.1.2. Хууль тогтоомжид заасны дагуу жил бүр ээлжийн амралт, баяр ёслолын болон бусад амралтыг эдлэх ;

4.1.3 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль энэ журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохыг санаачлах;

4.1.4  Хөдөлмөрийг хэвийн нөхцөл, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай бичиг хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад материалаар хангахыг шаардах ;

4.1.5 Эрхэлсэн ажилдаа үр бүтээл, санаачлагатай ажиллаж, тодорхой амжилт гаргасан тохиолдолд зохих шагнал урамшуулал хүртэх, төрийн одон, медаль болон бусад шагналд тодорхойлох, үндсэн цалин, зэрэг дэв, ур чадварын болон бусад нэмэгдэл, мөнгөн урамшуулал авах;

4.1.6. Байгууллагын удирдлагад албан ажлын болон хувийн асуудлаар санал, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх;

4.1.7. Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан бусад эрхийг эдэлнэ.

4.2 Албан хаагч нь дараах үүрэг хүлээнэ;

4.2.1 Албан хаагч нь хууль тогтоомжийн дагуу албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм”-ийг мөрдөж ажиллана;

4.2.2 Албан тушаалын тодорхойлолт, үйл ажиллагааны болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж,удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана;

4.2.3 Хариуцсан эд хогшил болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, ажлын байр, өрөө тасалгаа, тавилга, автомашин, компьютер, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн багаж болон бичгийн хэрэгслийг зөвхөн ажлын зориулалтын дагуу цэвэр нямбай, ариг гамтай хэрэглэж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах;

4.2.4. Ажлын шаардлагаар ажлын байрнаас эд хөрөнгө, техник хэрэгсэл зэргийг гадагш авч гарахдаа эд хөрөнгийг хариуцсан албан хаагчаас зөвшөөрөл авч, эргүүлэн хүлээлгэн өгөх;

4.2.5 Ажлын 8 цагийг төрийн албанд үр бүтээлтэй зарцуулж, мэдлэг мэргэжил, ажлын ур чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхийг байнга эрмэлзэн ажиллах бөгөөд байгууллагаас зохион байгуулж буй аливаа ажилд идэвхтэй оролцох удирдлагаас даалгасан ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

4.2.6 Харьяа дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх, хууль, эрх зүйн акт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, энэ журамд заагаагүй боловч өөрийн эрхлэх үйл ажиллагаанд харшлахааргүй ажил, үүргийг байгууллагын удирдлагаас хүлээлгэсэн тохиолдолд түүнийг хугацаанд нь биелүүлэх;

4.2.7 Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан байгууллагын нууц, албан хаагчдын хувийн нууц, харилцагч болон хамтран ажиллагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг чандлан хадгалах;

4.2.8 Албан ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзахдаа холбогдох хууль , тогтоомжийг мөрдлөг болгон зориулалтын уулзалтын өрөө, тасалгаанд уулзаж, зохих тэмдэглэлийг хөтлөх;

4.2.9 Ажлын байранд албаны байдлаар хувцаслаж, бусдыгаа хүндэтгэн биеэ зөв авч явах;

4.2.10  Ээлжийн амралт, хувийн чөлөө, эмнэлгийн магадалгаатай байсан албан хаагч уг хугацааг дуусмагц, ажлын байрандаа ирсэн байх;

4.2.11 Ажлын цагаар албан томилолт, сургалт, семинар зэрэг албан ажилтай холбоотой ажлын байрнаас гадуурх үйл ажиллагаанд оролцож буй албан хаагч энэ тухай гадуур ажлын тэмдэглэлд бичиж тухайн үйл явдал дуусмагц ажлын байрандаа ирсэн байх;

4.2.12 Мэдээллийн самбар болон дотоод сүлжээнд байрлуулсан мэдээлэлтэй танилцаж, өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацааны дотор хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд бичгээр гарган хариуцсан мэргэжилтэнд өгч нэгтгүүлнэ. Зарлалд мэдээлэгдсэн арга хэмжээнд заасан хугацаанд хожимдолгүй цуглаж идэвхтэй оролцох;

4.2.13 Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, бусдынхаа ажилд саад болох зан авир гаргах, үйлдэл хийхийг цээрлэж, эелдэг зан харилцааг эрхэмлэн ажиллах;

4.2.14 Гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудсыг холбогдох нэгж, албан тушаалтанд бичиж өгнө. Шаардлагатай тохиолдолд нийт ажилчдад тайлагнах;

4.2.15 Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ шаардлагатай үед гаргаж өгнө;

4.2.16 Холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, энэ журамд заасан бусад үүргээ хүлээнэ.

Тав. Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах

5.1 Нийслэлийн Засаг даргын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан газрын дарга албан хаагчийг томилно;

5.2 Газрын дарга албан хаагчийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх халахдаа, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, мөн Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана;

5.3 Газрын дарга албан хаагчийг томилохдоо шаардлагатай гэж үзвэл тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэдлэг, ур чадвар болон компьютер, хэлний мэдлэгээр шалгалт авч болно;

5.4 Анх орсон албан хаагчид туршилтын хугацааг (0-3) сарын хугацаагаар тогтоож, үндсэн цалингийн 75 хувиар бодож цалинжуулан, Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон туршилтын хугацаа хэрэглэх болзол журмыг /Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн санал/ үндэслэн жинхэнэ албан хаагчаар томилох эсэхийг газрын дарга шийднэ;

5.5 Шинээр ажилд орохыг хүссэн иргэдийг ажилд авахдаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу баримт бичгийг бүрдүүлнэ;

5.6 Албан тушаалд томилох иргэнийг Хүний нөөц хариуцсан мэргэжилтан судлан хэлтсийн даргад танилцуулсны үндсэн дээр газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Захиргаа санхүү төлөвлөлтийн хэлтэс нь ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг танилцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай, эсвэл хугацаагүй гэрээг заавал бичгээр байгуулна. Гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно;

5.7 Захиргаа санхүү, төлөвлөлтийн хэлтсийн Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн шинээр томилогдсон ажилтанд хөдөлмөрийн дотоод журам болон газрын үйл ажиллагаанд холбогдолтой хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан тушаал цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, ажиллах нөхцөл баталгаа зэргийг тайлбарлан танилцуулна;

5.8 Шинээр томилогдсон албан хаагчийг хамт олонд танилцуулж, туршилтыг хугацаанд ажиллуулах, дадлагажуулах, ажлыг Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтэс болон Төсөл хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар тус тус зохион байгуулна;

5.9 Шинээр ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор албан хаагчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг хангасан байна;

5.10 Газрын дарга нь албан хаагчийг албан тушаал бууруулах, албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулnay 37, 38, 39, 40 дүгээр зүйлд тус тус заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ;

5.11 Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны ажил хүлээлцэх ажлыг Нийслэлийн Засаг даргын А/633 дугаар захирамжийн дагуу ажлыг хүлээлцэх ба тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр, нийгмийн ба эрүүл мэндийн дэвтрийг хүлээлгэн өгнө;

5.12 Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг тухайн албан хаагч 30 хоногийн өмнө Газрын даргад бичгээр гаргана. Газрын дарга хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ;

5.13 Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх асуудлыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ;

5.14 Ажлаас чөлөөлөгдөх, халагдах, буюу өөрчлөгдөж буй албан хаагч нь хийгдсэн ажлын тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой хийгдэж буй ажлын тайлан, албан хаагчийн хариуцан гүйцэтгэж буй албан хэрэг хөтлөлтийн материал, эд хогшил, хөрөнгө материал, ажлын үнэмлэх, түлхүүр, лац тойрох хуудас зэргийг хүлээлгэн өгнө;

Зургаа. Газрын ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх

6.1 Газар нь эрхэм зорилго, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллана. Газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө нь газрын төсөв боловсруулах үндэслэл бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчийн газрын даргатай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байна;

6.2 Төсвийн шууд захирагч тухай жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ;

6.3 Төлөвлөгөөг Захиргааны хэлтсийн бусад нэгжүүдийн саналыг авч нэгтгэн боловсруулж, байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 01 дүгээр сарын 15-ны дотор газрын дарга батална;

6.4 Төлөвлөгөөний хэрэгжилтэд дотоод хяналтыг хийх ба хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг байгууллагын “Даргын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан хаагчид хүргүүлж биелэлтийг хангуулна;

6.5 Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг 1 дүгээр сарын 5-ны дотор холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлнэ;

6.6 Газрын дарга тухай жилийн зорилтот түвшинд хүрч чадаагүй зорилт, арга хэмжээний шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, эрх бүхий байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн цаашид үргэлжлүүлэх шаардлагатай арга хэмжээг дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ;

6.7 Газрын ажилчид сар бүрийн 03-ны дотор ажлын тайланг дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгч ур чадварыг үнэлүүлэх;

6.7 Газрын төсвийн төслийг боловсруулах , батлуулах, тайлагнах ажлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодогч зохион байгуулна. Түүнчлэн газрын үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг зүйл, ангиар нь тооцож, бүтээгдэхүүний өртөгтэй холбон дүгнэлт хийж, газрын даргад тайлагнаж байна;

6.8 Газрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг газрын даргын зөвшөөрснөөр олон нийтэд мэдээлнэ.

6.9 Байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд гарсан бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, сэтгүүлчидтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийттэй харилцах харилцааг зохицуулах, байгууллагын  цахим хуудасны агуулгыг баяжуулах, мэдээ мэдээлэл байршуулахтай холбогдсон ажлыг тухай бүрт нь зохион байгуулан мэдээлж ажиллах;

Долоо. Үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх талаар

7.1 Үнэлгээ хийх ажлын хэсэг төлөвлөгөөний биелэлтийг хагас , бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд хяналт –шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн эхний хагас жилд явцын хяналт- шинжилгээ , жилийн эцэст хяналт-шинжилгээ , үнэлгээ хийнэ;

7.2 Захиргааны хэлтэс төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээний дүнг байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газар , хэлтэс, албан хаагчид хүргүүлж биелэлтийг хангуулна.

7.3 Төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлнэ;

7.4 Албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин/гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт/-г үнэлж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд газрын дарга урамшууллыг олгоно;

Найм. Ажлын цагийн горим

8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг, өглөө 8.00 /9 цаг / цагт эхэлж, орой 17.00 /18.00/ цагт дуусна. Үдийн завсарлага 12.00 /13.00/ цагаас 13.00 /14.00/ цагийн хооронд байна;

8.2 Албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 76,77 дугаар зүйлүүдэд заасан баярын өдрүүд болон долоо хоногийн Бямба, Ням гаригт амарна;

8.3 Албан хаагч бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа цаг бүртгэх аппаратад цагаа бүртгүүлж  ERP программд бүртгэгдсэн байна. Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн албан хаагчид цалин хөлс олгох баримт болно;

8.4 Ажлын цаг ашиглалтын бүртгэл хөтлөлтыг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн гарган хэлтсийн дарга хяналт тавин дүнг газрын даргад тайлагнах;

8.5 Албан хаагч нь ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед газрын даргад эсвэл захиргааны хэлтсийн даргад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа ERP бүртгэлийн программаар хүсэлтийг явуулна;

8.6 Ажлаас хүндэтгэх шалтгаангүйгээр хожимдсон, тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд албан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ;

8.7 Долоо хоногийн таслалт 45 минутаас их, нэг сарын хоцорсон цагийн нийлбэр 180 минутаас их байвал сахилгын шийтгэл оногдуулна;

8.8 Захиргааны санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно;

8.9 Гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас албан хаагчид сард 2 /нийт чөлөө авсан хоног ажлын 5 хоногоос хэтрэхгүй/удаа чөлөө олгож болно. Албан хаагчдад чөлөөг ажлын 8 цагаас ихгүйг  2 хэлтсийн дарга, түүнээс олон цагийн чөлөөг газрын дарга олгоно;

8.10.Ажилтанд жил бүрийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. “Даргын зөвлөл”-ийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 31.4-т заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно;

8.12.Ээлжийн амралт олгох мэдэгдлийг Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн нягтлан бодогчид хүргүүлж , ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж олгоно;

8.13.Ажлын цагтай холбогдох бусад асуудлыг холбогдох хууль журмын дагуу зохицуулна;

Ес. Дотоод хяналт шалгалт, дэг журам

9.1.Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг газрын хэмжээнд байгууллагын дарга, хэлтсийн ажил үүргийн хэмжээнд хэлтсийн дарга хяналт тавина;

9.2.Албан хэрэг хөтлөлтийн талаар тогтоосон журмыг сахин мөрдүүлэх ажлыг баримт бичиг нягтлан шалгах комисс хяналт тавин газрын даргад танилцуулан зөрчлийг арилгуулна;

9.3.Монгол улсын Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг дагаж мөрдөнө;

9.4.Ажлын байранд дараах зүйлийг хориглоно;

9.4.1 Зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл гадагш гаргах/;

9.4.2 Буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал оруулах;

9.4.3 Том хэмжээний хайрцаг, чемодан, бусад бараа материал зөвшөөрөлгүй оруулах;

9.4.4 Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ажлын байранд нэвтрүүлэх,  ажлын байранд архидан согтуурах;

9.4.5 Ажлын байранд хэт чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, зөвшөөрөгдөөгүй газар тамхи татах ;

9.4.6 Ажлын байранд бие болон сэтгэл санааны хэлбэрээр бэлгийн дарамт үзүүлэх;

9.5 Газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, хүний нөөцийн үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагаанд  Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хяналт шинжилгээг гүйцэтгэнэ;

 

Арав. Албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа

10.1 Газар нь албан хаагчдад албан тушаалын үндсэн цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдсэн цалин хөлсийг эрх бүхий байгууллагын баталсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал, холбогдох журмын дагуу олгоно;

10.2 Цалингийн шатлал, зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг ажилласан жил болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө дүгнэх журам”-ын дагуу тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг үндэслэн хэлтсийн саналыг харгалзан /”Даргын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж/ шийдвэрлэнэ;

10.3 Албан хаагч нь улс, нийслэл, дотоодын болон гадаад орны хөрөнгө, тусламж, тэтгэлгээр мэргэшлээ дээшлүүлэх 3 сар хүртэлх сургалтын хугацаанд цалин олгох эсэх асуудлыг ”Даргын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ;

10.4 Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйл заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ;

10.5 Газар нь албан тушаалын чиг үүрэг , гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг сайн биелүүлж, амжилт гаргасан бусдыгаа манлайлсан албан хаагчийг хэлтсийн хурлаар хэлэлцэж тодорхойлон, саналыг ”Даргын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж дараах байдлаар шагнаж, урамшуулна;

10.6 Газар нь албан хаагчдыг дараах тохиолдолд баяр хүргэн шагнаж, урамшуулна. Үүнд:

10.6.1 Газрын албан хаагчаас 50,55,60 насны ой өдрийг тохиолдуулан 250000.0 (Хоёр зуун тавин мянга) хүртэл төгрөгийн бэлэг дурсгалын зүйл;

10.6.2 Төрийн дээд одон, медаль, алдар цол Засгийн газрын хүндэт өргөмжлөл, салбарын тэргүүний ажилтан, хүндэт тэмдгээр шагнуулсан тохиолдолд холбогдох журмын дагуу мөнгөн урамшуулал олгоно;

10.7 Шагнал урамшууллыг сахилгын шийтгэлтэй байгаа болон сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа албан хаагчдад олгохгүй;

10.8 Албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийг үндэслэн тусламж олгохоос гадна санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүл болсон, хүүхэд төрж ам бүл нэмсэн, шинэ байранд орсон, төрсөн эцэг эх, эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд, нас барсан, удаан хугацаагаар өвдсөн, хагалгаанд орсон, гадаадад явж эмчилгээ хийлгэх болсон тохиолдолд албан тушаалтанд 200000.0 (Хоёр зуун мянга ) төгрөг хүртэл, байгалийн гэнэтийн тохиолдолд нэрвэгдэх, осолд орох (гал түймэр, үер, салхи шуурга, техникийн болон ахуйн осол аваар гэх мэт) үед эмчилгээнд зориулж тус бүр 200000.0 (Хоёр  зуун мянга) хүртэл төгрөг олгоно. Мөн гэр хороололд амьдардаг нөхцөлд түлээ, нүүрсний мөнгө 200000.0 хүртэлх төгрөгийг олгож болно;

10.9 Тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настан бүрт жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын баяр болон ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, 200000.0 (Хоёр зуун мянга) хүртэл төгрөгийн гарын бэлэг, мөн албан хаагчдын гэр бүлд жил бүрийн 6 дугаар сарын 1 буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, шинэ жилийн баярын тохиолдуулан бэлэг өгөх ба уг арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсвийн хөрөнгийн зохих ангиллаас гаргах асуудлыг байгууллагын санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан газрын дарга шийдвэрлэнэ;

10.10 Албан хаагчдад гэр бүл болсон , хүүхэд төрж ам бүл нэмсэн , төрсөн болон хадам эцэг эх, эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд, ах , эгч, өөрийн шууд асрамжид байдаг хүн хүндээр өвдсөн, нас барсан тохиолдолд чөлөө олгоно;

10.11 Албан хаагч чөлөө авахад газрын даргад  урьдчилан заавал мэдэгдэх, урт хугацаанд чөлөө авах бол хүсэлтээ бичгээр гарган, чөлөөний хугацаа болон албан үүргийг хэн орлон гүйцэтгэх талаар хэлтсийн даргатай тохиролцоно;

10.12 Сургалт семинарт хамрагдах, хойшлуулшгүй шалтгаанаар ажлаас түр чөлөөлөгдөх албан хаагч өөрийн ажлыг түр орлон гүйцэтгэх албан хаагчид ажлаа хүлээлгэн өгнө;

10.13 Төрийн албаны тухай хуулийн 29.2 дахь заалт, Сангийн сайдын 2006 оны 64 дүгээр тушаалын дагуу төрийн албан хаагчид албан томилолтын болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг сар тутам бодож олгоно. Түүнчлэн албан хаагчдад олгох хоолны мөнгөний хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд жил бүр тогтоон, сар тутам олгоно;

10.14 Тухайн жилийн төсвийн зардлын хэмнэлтийг “Төсвийн тухай” хуулийн 46.4 дэх заалтыг үндэслэн албан хаагчдын ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээнд зарцуулна;

10.15 Албан хаагчийн өрхийн орлого нь гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжихэд зориулан тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа буцалтгүй тусламж олгоно;

10.16 Хууль тогтоомжид заасан бусад нөхөн төлбөр, тусламж олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ;

Арван нэг. Сахилгын шийтгэл ногдуулах

11.1 Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон доор дурдсан зөрчлийг гаргавал тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:

11.1.1 “Төрийн албаны тухай” хуулийн 31,37 дугаар зүйл заасныг зөрчсөн;

11.1.2 Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн ;

11.1.3 Албан тушаалаа бүрэн эрхээ хэтрүүлсэн ;

11.1.4 Удаа дараа ажлын хариуцлага алдсан;

11.1.5 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцорсон;

11.1.6 Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн;

11.1.7 Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн:

11.1.8 Эд хөрөнгө хулгайлахыг завдсан, хулгайлсан нь тогтоогдсон;

11.1.9 Мэдээ тайланг будлиантуулсан;

11.1.10 Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан;

11.1.11 Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй;

11.1.12 Газрын дотоод үйл ажиллагааг зохицуулсан бусад дүрэм журам, зааврыг зөрчсөн;

11.1.13 Нэг сарын шалтгаангүйгээр хоцорсон цагийн нийлбэр 180 минутаас хэтэрсэн тохиолдолд;

11.1.14 ”Даргын зөвлөл”-ийн хурал, газрын нийт албан хаагчдын хурал, болон бусад холбогдох уулзалт хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

11.1.15 Яаралтай дээд газраас өгөгдсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлээгүй тохиолдолд;

11.1.16 Зөрчлийн хуудсыг 3 удаа авсан тохиолдолд;

11.1.17 Дараах тохиолдолд зөрчлийн хуудас олгоно.

11.1.17.1 Олон нийтийн арга хэмжээг шалтгаангүйгээр тасалсан;

11.1.17.2 Биелэлт тайланг хугацаанд нь өгөөгүй;

11.1.17.3 Мэдээллийн цагийг шалтгаангүйгээр тасалсан;

11.1.17.4 Долоо хоногийн хугацаанд 45 минут хүртэл хугацаагаар хоцрох;

11.1.17.5 Архивын нэгжийг ХХНЖ-ийн дагуу хугацаанд нь өгөөгүй;

11.1.17.6 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй;

11.1.17.7 Чөлөөг авахдаа урьдчилан хүсэлтийг ирүүлээгүй буюу Удирдлага, Захиргааны хэлтэст мэдэгдээгүй тохиолдолд;

11.1.17.8 Албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн тохиолдолд;

11.2 “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил” гэдэгт газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, газрын үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, эд материалын болон бусад хохирол учруулсан, газрын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, албан үүрэгтэйгээ холбогдуулан хээл хахууль авсан болон бусад тохиолдлуудыг хамааруулж үзнэ;

11.3 “Албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй эсвэл төрийн албаны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдлуудыг ойлгоно;

11.4 “Албан тушаалтан бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэдэгт санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглаж, хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусад тохиолдлуудыг ойлгоно;

11.5 “Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулна;

11.6 Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг байгууллагын ёсзүйн зөвлөл заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулан, сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг ”:Даргын зөвлөл”-ийн хуралд оруулж болно;

11.7 Энэ журмын 11.1.6 дугаар заалтыг зөрчсөн албан хаагчид “Төрийн албаны тухай” хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-ын дагуу арга хэмжээ авна.

11.8 Сахилгын шийтгэл хүчинтэй байх /1 жил хүртэл/ хугацаанд энэхүү журамд заасан шагналыг олгохгүй бөгөөд албан тушаал дэвшүүлэхгүй.

Арван хоёр. Бусад асуудлын талаар

12.1 Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлын шугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй;

12.2 Байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна;

12.3 Хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хяналт тавина;

12.4 Энэ журамд шууд заагаагүй асуудлыг Төрийн албаны болон “Хөдөлмөрийн тухай хууль”-иар зохицуулна;

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn